Ховд аймагт 300 ажлын байрны нээлттэй өдөрлөг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-12 13:13:16

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт 300 ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.  

Тус өдөрлөгийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жаргалант сумын ЗДТГ болон орон нутгийнхаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж буй.  

Тодруулбал, “Ховд эко цемент” төслийг хэрэгжүүлэгч “Вестерн холд”, “Ховдын өргөө”, “Нью минерал”, “Алтайн зам”, “Алтай трест” зэрэг компани ажилгүй 300 иргэнийг шинэ ажлын байртай болох боломжийг нээлттэй зарлаж, өнөөдөр Ховд их сургуулийн хичээлийн байранд бүртгэн авч байна.  

Өнгөрсөн 2021 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд 800 гаруй шинэ ажлын байр бий болсны 50 гаруй хувийг дээрх компаниуд орон нутагт бий болгож ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж байсныг албаныхан энэ үеэр онцоллоо. 

Энэ удаагийн өдөрлөгт нийт ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах тул 17 сумын ажилгүй иргэд, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ирж сонирхсон ажлын байрандаа анкет бөглөн, ажлын ярилцлагад орж, цаашлаад орон нутагтаа ажилтай, орлоготой сайхан амьдрахыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.     

Өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаагаараа онцлогтой.   

Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өрнөж буй.   

関連ニュース