"Төлөөлөгчдийн өдөр"-ийг энэ онд хоёр дахь удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-14 20:04:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй.

Энэ удаа “Мянган угалзат” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, “Хөгжил” политехник коллежийн  үйл ажиллагааны өнөөгийн байдал, зарим тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар холбогдох албаны хүмүүс танилцуулга мэдээлэл хийж, төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Тус үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, 2022 он гарснаар хоёр дахь удаагаа зохион байгуулснаараа онцлогтой.


                               Хүүхдийн паркийн тоглоомыг засварлах, шинэчлэх шаардлага үүсчээ  


Хүүхдэд ээлтэй, ахмадуудад халамжтай, бичил бизнес эрхлэгчдээ дэмжсэн тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж буй “Мянган угалзат” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайд өдгөө 20 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь Нэвт рашаан амралтын газар, Ховд парк, ахуй үйлчилгээний байр гэсэн 3 салбар нэгжтэй бөгөөд дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан үйл ажиллагааныхаа чанар, стандартыг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.  

Нэвт амралтын газар болон хүүхдийн паркийн ногоон байгууламж дахь ажилтнуудыг гэрээтээр авч ажиллуулдаг. Улирлын чанартай үйл ажиллагаатай тул сул зогсолтын үед ажилтнуудын нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг аж.

2021 онд коронавирусний халдварын тархалтын улмаас “Ховд парк”-ийн үйл ажиллагаа доголдож, тоглоомуудын эвдрэл ихэсч, засвар үйлчилгээ хийхэд хөрөнгө мөнгө байхгүй нэн хүндрэлтэй байна гэж албаныхан танилцууллаа.

Одоогоор ихэнх тоглоомууд хуучирсан, засаж сэлбэхэд засвар үйлчилгээ ихтэй, сэлбэг хэрэгсэл олдоц муутай, сэлбэг хэрэгслийн үнэ маш өндөр, тоглоом хариуцсан техникийн ажилтан байхгүй. Жил бүр байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 25-30 сая төгрөгийн урсгал зардал хийх мөнгө шаардагддаг байжээ.

Энэ жил хийсэн судалгаагаар “Хүүхдийн паркийн үйл ажиллагаа хэвийн, бүх тоглоом бүрэн ажиллагаанд оруулахад 223.787.000 төгрөг хэрэгтэй байна. Үүнээс иргэдийн хамгийн их ашигладаг дүүжинт эргүүлэг, галт тэрэг, галзуу хулгана, далайн дээрэмчин, наймаалж, алсыг харагч, цайны аяга, морин тойруулга гэсэн найман тоглоомыг засварлахад 104.767.000 төгрөг хэрэгтэй байна” гэсэн тооцоолол гарчээ.


                                         Нэвт амралтын газрын замыг засварлахад анхаарч ажиллана    


Мөн Нэвт рашаан амралтын газар хүртэлх авто замыг засварлах, тус байгууллагын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, хөрөнгө санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шат дараатай шийдвэрлэх, хамгийн гол нь ажлын төлөвлөлт, мeнeжмeнтийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа тухай албаныхан хэллээ. Энэ үеэр амралын газрын замыг засварлах чиглэлд мэргэжлийн байгууллага анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нэвт рашаан амралтын газар нь  Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн нутагт орших бөгөөд Ховд аймгаас 61 км, Дуут сумын төвөөс 10 км зайд бий.  Тус амралтын газар нь  нэг ээлжиндээ 110 гаруй  хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.  

   

                                     Төгсөгчдийн ажил эрхлэлт 70 орчим хувьтай байна  

 

Үүнээс гадна зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт дэвшүүлсэн “Хөгжил” политехник коллежийн хамт олон энэ хичээлийн жилд 135 багш, ажилтан, 1378 суралцагчтайгаар гурван чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж, шаталсан сургалтыг 33 хөтөлбөрөөр зохион байгуулж байна.

Тус сургууль нь таван жилийн хугацаатай “Магадлан итгэмжлэгдсэн”,  Олон улсын чанарын менежментийн тогтолцооны “ISO 9001-2015” стандартыг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Энэхүү сургуулийн суралцагчид нь бүс, улс, дэлхийн ур чадварын уралдаануудад ажилттай оролцож, өрсөлдөхүйц мэргэжилтэн болон төгсдөг бөгөөд “Дэлхийн ур чадвар”- 2017, 2019 оны уралдаанд сантехник мэргэжлээр тус сургуулийн багш С.Батаа, суралцагч Б.Долгормаа, С.Дашдэрэм нар нь амжилттай оролцсон билээСудалгаагаар тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлт жил бүр тогтмол 70 орчим хувьтай байгаа аж.  

Цаашид агро тeхник, ойн мэргэжлээр шинэ боловсон хүчин бэлтгэх, суралцагчдыг жигд чадавхжуулах, эрэлттэй мэргэжлийн дагуу сургах, дадлагын орчин бүрдүүлэх зэрэг нэлээд санал, шинэлэг боломж байгаа талаар төлөөлөгчид санал бодлоо илэрхийллээ.  

Ийнхүү аймгийн ИТХ-ын ажлын алба, мэргэжлийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй, амжилттай болж өндөрлөлөө.

Энэ үеэр төлөөлөгчдийн гаргасан саналыг нэгтгэн зарим мэргэжлийн байгууллагад зөвлөмж, чиглэл хүргэхээр болсон бөгөөд дээрх байгууллагуудын цаашдын үйл ажиллагааг сайжруулахад дэмжин, хамтарч ажиллахаа талууд илэрхийлж байв.  

関連ニュース