Гуравдугаар сарыг “Цэрэг эх орончдын сар” болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Спортын олон төрөлт тэмцээн”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, шилдэг баг, тамирчдыг тодрууллаа.
Тэмцээнийг Монгол цэргийн
өдөр, Зэвсэгт хүчний 101 жил, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги
байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан өрнүүлснээрээ онцлогтой.
Ховд аймаг гуравдугаар
сарыг “Цэрэг эх орончдын сар” болгон зарласан бөгөөд энэхүү тэмцээний үйл
ажиллагааг үүнтэй уялдуулжээ.
Энэ удаагийн тэмцээнээр дамжуулан
батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд
сурталчлан таниулах, алба хаагчдын спортын ур чадварыг хөгжүүлэх, хамтын
ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдэж байна гэж албаныхан хэллээ.
Аймгийн Засаг даргын
нэрэмжит болгон зохион байгуулсан уг тэмцээнд 10 гаруй байгууллагын 300 гаруй
тамирчин оролцож, сагсан болон гар бөмбөг, шатар, ширээний теннис зэрэг
спортын 9 төрлөөр өрсөлдсөн байна. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт
хүчний 123 дугаар анги тэргүүн байр эзэлсэн бол Цагдаагийн газар дэд байрт,
Онцгой байдлын газрын баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Ховд аймагт үйл ажиллагаа
явуулж буй тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэрэмжит спортын олон
төрөлт тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээнийг коронавирусний
халдварын тархалтын улмаас сүүлийн хоёр жил завсарласны дараа дахин сэргээж,
энэ ондоо амжилттай зохион байгуулснаараа онцлогтой байв.


