Аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдааныг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгууллаа.
Нутгийн өөрөө удирдах
байгууллагын үйл ажиллагаа, харилцааг зохицуулах гол хууль болох Монгол Улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн
найруулга 2022 оны нэгдүгээр
сарын 1-нд хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан энэхүү хуралдааныг өрнүүлснээрээ онцлогтой.
Хуралдааны үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч оролцохоос 38 төлөөлөгч оролцож, төрийн
үйл ажиллагаатай холбоотой зургаан асуудлыг хамтын оролцоотойгоор хэлэлцэв.
Хуралдааны эхэнд хурлын дэг, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг авлаа. Мөн аймгийн ИТХ-ын хорооны тоо, бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам, хурлын зөвлөл байгуулах тухай илтгэл, “Төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэмдэг хэрэглэх журам” зэргийг батлах тухай илтгэлийг тус тус хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэг 19 бүлэг, 123 заалттай
Монгол Улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн
найруулгад орсон томоохон өөрчлөлтийн нэг нь ИТХ-ын чөлөөт цагт тасралтгүй,
байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Тэргүүлэгчид” гэсэн бүтэцгүй
болсон нь хуралдааны дэгийг шинэчлэх үндэслэл болсон байна.
Үүнээс улбаалан аймаг,
сумын бүх шатны ИТХ-аас санал авч, 19 бүлэг, 123 заалт бүхий аймгийн ИТХ-ын
хуралдааны дэгийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
Мөн нутгийн өөрөө удирдах
байгууллага буюу аймаг, сумын ИТХ, багийн иргэдийн нийтийн хурлын “тэргүүлэгч”
гэдэг бүтэцгүй болж, зөвлөлтэй ажиллахаар болсон төдийгүй “Нийгмийн бодлогын
хороо”, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн хороо, Хөгжлийн бодлого
төлөвлөлтийн хороо, Төсвийн хяналт, эдийн засгийн хороо зэрэг долоон хороо
цаашид тогтмол үйл ажиллагаа явуулахаар болсноороо онцлогтой.
Үүнээс гадна хуралдааны
хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг дэмжих “Орон нутгийн сан”-гийн журам батлах тухай, Онцгой комиссын
2020-2021 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай илтгэлийг хэлэлцэж, төлөөлөгчдийн
олонхын саналаар баталлаа.
Энэ удаагийн хуралдааны үр дүнд аймгийн
ИТХ-ын хороо, зөвлөл байгуулагдан ажилласнаар төлөөлөгчдийн ажлын уялдаа холбоо
сайжрах, үйл ажиллагаагаа илүү
эрчимжүүлэх
боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
