Нийгмийн ажилтнуудын цалингийн сүлжээг нэмэгдүүлэх санал гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Нийгмийн ажлын олон улсын өдрийг Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Ингэхдээ “Байгаль орчинд ээлтэй нийгмийн ертөнцийг хүн бүрийн оролцоотойгоор хамтран бүтээхүй” уриалга дэвшүүлсэн байна.
Улмаар Ховд аймагт үйл
ажиллагаа явуулдаг нийгмийн ажилтнуудын нэгдсэн холбоо, тус аймгийн ЗДТГ,
Жаргалант сумын ЗДТГ, Ховд их сургууль хамтран энэ сарын 15-16-ны өдөр хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагааг шат
дараатай зохион байгууллаа.
Ховд аймагт одоогоор 80 гаруй нийгмийн ажилтан байна гэсэн судалгаа гарчээ.
Үүнээс тус үйл ажиллагаанд 70 орчим нийгмийн ажилтан болон Ховд их сургуулийн
мэргэжлийн ангийн оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Тэд орон
нутаг дахь нийгмийн ажлын үйлчилгээнд тулгамдаж буй тэргүүлэх асуудал, шийдвэрлэх
арга замын талаар ярилцаж, цаашид
нийгмийн ажилтны мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингийн сүлжээг
нэмэгдүүлэх чиглэлд анхаарах зэрэг олон санал, хүсэлт илэрхийлэв.
Мөн плаш моб бүжиг
бүжиглэх, байгальд ээлтэй эко байгууллага, хамт олныг шалгаруулах үйл
ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд “Эх
дэлхийгээ хайрлая” уриан
дор нийгмийн ажилтнууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон түүний дэргэдэх эко
клуб, Ховд их сургууль хамтран Жаргалант сумын нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээний
ажил өрнүүлснээрээ онцлогтой.
Нийгмийн ажлын олон улсын
өдрийг 2019 онд Ховдынхон тэмдэглэж
байсан бол энэ онд ийнхүү хоёр
дахь удаагаа хэрэгжүүлэхдээ нэлээд өргөн цар хүрээг хамарч чадсан гэж албаныхан онцоллоо.