Ховд аймаг жилд 600-аас дээш ажлын байр бий болгох зорилт дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-17 17:03:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн амын тоо 2021 оны байдлаар 90333 болж, өмнөх оноос 1359 буюу 1.5 хувиар өссөн байна. Мөн өрхийн тоо 23329 болж, өмнөх оноос 513 буюу 2.2 хувиар тус өслөө.  Нийт хүн амын 50.1 хувь нь эрэгтэй, 49.9 хувь нь эмэгтэйчүүд байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Сүүлийн үед олон залуус ажил хайж байна. Ажилд орох хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо өмнөх оноос харьцангуй өссөн гэдгийг албаныхан хэллээ.  

Ийм залууст боломж олгохоор барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд, төрийн байгууллагатай хамтран 300 ажлын байрны хөдөлмөрийн яармагийг саяхан зохион байгуулсан. 

Энэ үеэр давхардсан тоогоор 900 гаруй иргэн ажил олгогчдоос зарласан ажлын байранд хүсэлт өгчээ. Үүнээс одоогоор тавигдсан шаардлагыг хангасан 100-аад иргэн ажилдаа ороод байна.

Цаашид сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж зарласан 356 ажлын байранд ажилтан авна. Ингэснээр Ховд аймагт оны эхний улирлын байдлаар 500 гаруй хүн ажилтай болох тооцоо гарч байгаа аж.

Ховд аймаг жил бүр 600-аас дээш ажлын байр гаргах зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн онд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай байсан ч 832 шинэ ажлын байр бий болгосон байна. Ихэнх ажлын байр нь барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт гарч байгааг Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл яриандаа онцоллоо. 

関連ニュース