Ховд аймгийн Дөргөн сумын нутагт газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумаас хойд зүгт 17 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт болсон
хугацааг тодруулбал, өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар
сарын 18-ны өдрийн 10:47:47 цагт (Улаанбаатар хотын цагаар) байна.
Ташрамд мэдээлэхэд,
магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол,
газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар
хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх
боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай,
арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Дээрх газар хөдлөлтийг Дөргөн сумын төвд амьдарч буй зарим иргэн мэдэрсэн. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгад ямар нэгэн цууралт, гэмтэл үүсээгүй. Холбогдох судалгааны ажлыг хийж байна гэж ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн Ховд салбараас мэдээллээ.
2022 он гарсаар анх удаа Ховд аймгийн нутагт газар хөдлөлт болсон нь энэ юм.