Ховд сумын сурагчид нэг ээлжээр хичээллэх боломжтой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургууль 500 гаруй сурагчтай.
Сүүлийн хэдэн жил 320
хүүхдийн багтаамжтай хичээлийн байранд 2-3 ээлжээр хичээллэж ирсэн. Анги,
танхимын багтаамж, хүрэлцээ муу байсан учраас тус сургуулийн багш нар хүүхэд
нэг бүртэй ажиллах боломж хязгаарлагдмал байжээ.
Иймээс 240 хүүхдийн
суудалтай өргөтгөлийн барилга барьж, энэ жил ашиглалтад хүлээн авснаар нэг ээлжээр хичээллэх боломж бүрдлээ.
Мөн сурагчдад нэмэлт
давтлага өгөх, хоцрогдол арилгах, сургалтын чанар зэрэгт анхаарч, хүүхэд бүрийг
хөгжүүлэх боломж бүрдүүлж байна гэж албаныхан онцоллоо.
Аймаг орон нутгийн зүгээс хүүхэд багачуудын сурч хөгжих орчныг
бүрдүүлэх үүднээс зарим ангийн ширээ,
сандлыг шийдвэрлэн өгч, өнөөдөр батламж
олголоо.
Ховд сумын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг "Ховд Баганат" ХХК улсын төсвийн 1 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.