“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-27 09:56:09

Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагаа нь Увс аймгийн (Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан Ховд), Говь-Алтай аймгийн (Дарви, Шарга, Баян-Уул, Жаргалан), Баян-Өлгий аймгийн (Бугат,Толбо) сумын зорилтот 11 сумын ерөнхий боловсролын сургуульд өрнөж буй.

Энэхүү төслийн зорилго нь сурагчдад ирвэсийг танин мэдэж, түүнийг хамгаалахад оролцож чаддаг болох замаар тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зорилтот 11 сумын сургууль “Миний нутгийн ирвэс” сэдэвт сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулан, туршиж байгаа билээ.   

Тухайлбал, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг, агуулга, арга зүйг нэвтрүүлэх замаар “Миний цоохор найз” сэдэвт 4, 6 дугаар ангийн сургуулийн сургалтын хөтөлбөр (ССХ)  боловсруулж, хэрэгжүүлэн цахим хичээлүүдийн эхний хувилбарыг багш нар бүтээгээд байна. Мөн 5 болон 7 дугаар ангийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших ажлыг өнгөрсөн хичээлийн жилд сургууль, багш нарын оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан аж.  

Өнгөрсөн хугацаанд боловсруулсан хичээлийн хөтөлбөрөө нэгтгэн дүгнэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий уулзалтыг гурван өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэ үеэр зорилтот 11 сумын 45 багшийг чадавхжуулж, тэдний санал бодлыг сонслоо.  

Цаашид зорилтот сургуулийн 5, 7 дугаар ангийн туршилтын хувилбарыг эцэслэн сайжруулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгоход хамтран ажиллах хүрээнд сургалтын хөтөлбөрийн цахим агуулга (e-content) бүтээсэн эхний хувилбарыг эцэслэн сайжруулахад агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлж зөвлөн чиглүүлэх аж. Мөн 8, 9 дүгээр ангийн сургуулийн сургалтын  хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зүгээс гол чиглэлээ болгон ажиллана гэж мэдээллээ. 

Ийнхүү шавь нараа нутгийнхаа онцлогийг танин мэдсэн, байгаль хамгаалах уламжлал, үнэ цэн, ач холбогдлыг ойлгодог иргэн болгон хүмүүжүүлэх хичээлийн хөтөлбөр боловсруулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа хүндэт багш нарт албаныхан талархал илэрхийллээ. 

 

 

関連ニュース