Малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-29 22:01:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 28-29-ний өдөр зохион байгууллаа.

Энэ үеэр мал эмнэлгийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цаашид тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Энэхүү зөвлөгөөний үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, Мал эмнэлэг, Онцгой байдал, Цагдаа, Прокурорын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбар, Хил хамгаалах байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд 17 сумын Мал эмнэлгийн тасаг, үржлийн нэгж, салбарын 80 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо. Мөн тус зөвлөгөөнд МЭЕГ-ын дарга Д.Батчулуун тэргүүтэй албаны хүмүүс цахимаар оролцож, мэдээлэл хийсэн юм.

Зөвлөгөөний үр дүнд оролцогчид мал эмнэлгийн салбарын нэгдсэн бодлого, зорилт, үйл ажиллагааны явцад анхаарах асуудал, мал эмнэлгийн тасгийн тархвар зүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болж байна.

Үүний зэрэгцээ малын эмч нарын тоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд бодлогын түвшинд анхаарах, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, малчид эмчийн зөвшөөрөлгүй эм, тариа хэрэглэдэг байдлыг бууруулах, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх ажлыг илүү чанартай гүйцэтгэхэд анхаарах гэх мэт олон саналыг оролцогчид хэлж, зөвлөж байна.

Дээрх зөвлөгөөний төгсгөлд Мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Халдваргүйжүүлэлтийн аян” зохион байгуулах тухай танилцуулж, нээлтээ хийлээ. Мөн халдваргүйжүүлэлтийн аяны хүрээнд ашиглах зарим тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг сумдад хүлээлгэн өглөө. 

関連ニュース