Дөргөн сум 185 мянга гаруй толгой малтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын тухайд 340 гаруй малчин өрхтэй бөгөөд өнгөрсөн 2021 онд 185 мянга гаруй толгой мал тоолуулсан байна.
Ховд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди тэргүүтэй ажлын баг Дөргөн
суманд ажиллаж, шинээр тодорсон аймгийн аварга малчдын шагналыг гардуулан өгөв.
Энэ жил Дөргөн сумаас “Аймгийн аварга малчин өрх”-өөр дөрвөн өрх шалгарсны нэг нь Агваш
багийн малчин Рагчаасүрэнгийн Цулцогийн гэр бүл юм.
Р.Цулцог: Малын дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулан өрхийн орлогоо нэмэгдүүлж байна
Өндөр уулс, тал хөндий
хосолсон өгөөж баян энэ л нутагтаа нүүдэлчин монгол түмнийхээ соёл,
уламжлалыг үргэлжлүүлэн 23 жилийн хугацаанд мал маллаж яваа Р.Цулцог,
түүний гэргий Б.Нандинцэцэг нар 2018 оноос хойш 1000-аас дээш толгой мал тоолуулж
байна.
Тэд өвөг
дээдсээс өвлүүлсэн мал маллагааны арга туршлагаа баяжуулахын зэрэгцээ
малын дайвар бүтээгдэхүүн, түүхий эд, сүү, цагаан идээг боловсруулан зах зээлд
нийлүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Мөн аймаг, сумаас зохион
байгуулсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог бөгөөд 2015 онд сумын аварга
малчин, 2021 онд Эко малчнаар шалгарчээ.
Эднийх сүүлийн жилүүдэд
4-5 малчныг малжуулсан бөгөөд жилийн дөрвөн улирлын өнгө аяс, бэлчээрийн
ургамлын гарцаас шалтгаалан жилдээ 10-аас дээш удаа буурь сэлгэн нүүдэллэж буй.
Мал сүргийнхээ үүлдэр
угсаа, чанарт анхаарч, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бэлчээрийн
даацыг тохируулж, бэлчээрээ хамгаалж ирсэн тэргүүн туршлагаараа сум орон
нутагтаа манлайлж байгаа Аймгийн аварга малчин Р.Цулцог нутгийн онцлогоос
шалтгаалан бод мал түлхүү үржүүлэх сонирхолтой.
Энэ хавар 300 гаруй төл
мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт 40 гаруй хувьтай үргэлжилж
байна.
Дөргөн сумын Агваш багт
162 малчин өрх аж төрж байна. Малчин Р.Цулцогийн гэр бүл тус багаас төрөн
гарсан 15 дахь “Аймгийн
аварга малчин”
гэдгээрээ онцлогтой юм.
Б.Дашдэндэв: Мал төллөлт 50 хувьтай үргэлжилж байна
Аймгийн аварга малчин
өрхөөр шалгарсан Дөргөн сумын Агваш багийн малчин Б.Дашдэндэвийнх эдүгээ “Чаргатын хоёр толгой” хэмээх газарт хаваржиж байна.
Чаргатын уул, Агваш
арлаас эхлээд Увс нуурын хөвөө хүртэл отор нүүдэл хийж, эрдэнэт мал сүргээ өсгөн
үржүүлж яваа малчин Б.Дашдэндэв, түүний гэргий П.Үржинханд нар малч удамтай. Тухайлбал, П.Үржинхандын аав Л.Пүрэв 2010 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бол түүний өвөг эцэг
О.Ням социализмын их бүтээн байгуулалтын үе буюу 1946 онд “Улсын аварга малчин” хэмээх хүндтэй алдар цолны болзол хангаж
байжээ.
Аймгийн аварга малчин
Б.Дашдэндэвийнх өдгөө Увс аймгийн Өлгий сумын улаан ямаа, Дорнодын илүү
нугаламтай хуц зэргийг авч, үржилд сайжруулагчаар ашиглаж байна.
Эднийх сүүлийн гурван
жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд энэ хавар 300
гаруй төл мал хүлээн авахаас мал төллөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Ийнхүү малчин Б.Дашдэндэвийн гэр бүл Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багаас тодорсон 16 дахь “Аймгийн аварга малчин”-аар нэрлэгдэх боллоо. Тус малчин өрх сум орон нутгийнхаа залуу малчдыг дэмжин ажилладаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 2-3 малчинг малжуулжээ.
Ц.Цэрэнсамбуу: Шантрахгүй хөдөлмөрлөснөөр амжилтад хүрнэ
20 гаруй жилийн хугацаанд
мал маллаж байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн малчин
Ц.Цэрэнсамбуу, түүний гэргий Ё.Балжинням нар “Аймгийн аварга малчин” цолны
болзол хангаж, энэ өдөр шагналаа гардан авлаа.
Аргалант багийн тухайд
188 малчин өрхтэй бөгөөд өнгөрсөн онд 61859 толгой мал тоолуулсан байна.
Үүнээс мал маллагааны
арга туршлагаараа багийнхаа малчдыг манлайлан ажиллаж буй Ц.Цэрэнсамбуу сүүлийн
гурван жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд энэ жил
450 гаруй төл мал хүлээн авч байна.
Аргалант уулын энгэр, Хар
нуур, Завхан гол, Чоно харайхын
голоо түшиглэн нутаглаж ирсэн малчин Ц.Цэрэнсамбуугийнх өдгөө “Ламын улаан хоргод” хэмээх газарт өнтэй сайхан хаваржиж
байгаа юм.
Ц.Цэрэнсамбуугийн гэр бүл
олон жилийн турш үе удам залган мал маллаж яваа. Түүний аав Ц.Цагаач 1987 онд “Аймгийн аварга малчин” болж байсан ба ийнхүү аавынхаа амжилтыг
давтан, үргэлжлэл нь болж яваадаа баяртай байна. Мөн тэрбээр залуучууд тэвчээртэй,
шантрахгүй хөдөлмөрлөж чадвал амжилт бий болдог хэмээн онцоллоо.
Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийг зүй зохистой ашиглахад анхаарч ирсэн “Аймгийн аварга малчин” Ц.Цэрэнсамбуугийн тухайд ахмадаасаа суралцаж, залуу үеийнхэнд зөвлөн тусалж байгаа бөгөөд гурван өрхийг малжуулжээ. Тэрбээр Аргалант багаас тодорч буй 16 дахь “Аймгийн аварга малчин” юм.
Б.Жамсран: Малчин хүн бүх насаараа суралцдаг
Ховд аймгийн Дөргөн сумын
Агваш багийн малчин Б.Жамсрангийн гэр бүл энэ
жил “Аймгийн хошой аварга малчин өрх” цол гардан авлаа.
Агваш арал, Чаргат уул,
Хар ус нуураа түшиглэн нутагладаг малчин Б.Жамсран, түүний гэргий Ө.Дулам нар
50 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 1000-с
дээш толгой мал тоолуулжээ.
Эднийх Агваш багийн нутаг
“Хүрэн толгой” хэмээх газарт хаваржиж байгаа бөгөөд энэ жил 300 орчим төл мал
хүлээн авах юм.
Малчин Б.Жамсран 2004 онд
“Аймгийн алдарт уяач”, 2009 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бол ийнхүү 12 жилийн
дараа “Аймгийн Хошой аварга малчин” болж байгаагаараа онцлогтой. Мөн тэрбээр
Агваш багаас төрөн гарсан анхны “Аймгийн
Хошой аварга малчин”-аар нэрлэгдэж байна.
Эднийх мал сүргийнхээ үүлдэр
угсаа, чанарыг сайжруулах зорилгоор эцэг малыг 1-2 жилийн давтамжтай сольж
байна. Мөн байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай нүүр тулсан ч
шантраагүй, үр хүүхдээ малчин болгож, залгамж халаагаа бэлтгэж явна. Малчин Б.Жамсран хэлэхдээ “Мал маллах сайхан. Заримдаа
хүнд хэцүүтэй тулгардаг ч даваад л гарна. Байгалийн өнгө төрхийг ажиглах, цаг
агаарын төлөв, бэлчээрийг харгалзан үзэж малаа хариулах гээд үргэлж нэгэн
хэвийн байдаггүй, малчин хүн бүх насаараа суралцаж байдаг. Би энэ амьдралын
сургуулиа төгсөх болоогүй. Би одоо ч суралцсаар явна” гэлээ.
Б.Батмөнхийнх тэмээн сүргийг өсгөхөд түлхүү анхаардаг
Ховд аймгийн Дөргөн сумын
Сээр багийн малчин Б.Батмөнх, түүний гэргий О.Болормаа нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ.
Ёл, Цом хайрхан, Хар ус
нуурын хөвөөгөөр нутагладаг малчин Б.Батмөнхийнх өдгөө 1000 гаруй толгой
малтай. Энэ жил 250 гаруй төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт
50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Малчин Б.Батмөнх үе удам
залган 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 2017 онд “Шилдэг залуу малчин”, 2019 онд “Сумын аварга малчин” цолны болзол хангаж байлаа.
Тэрбээр нутгийн онцлог,
бэлчээрийн ургамлын төлөв байдлаас шалтгаалан тэмээ өсгөн үржүүлэхэд түлхүү
анхаарч байна.
Сүүлийн 10 жил дараалан
Ховд аймгийн хамгийн олон тэмээтэй сумаар шалгарч байгаа Дөргөн суманд 5973
тэмээ бий. Энэ сумын мал аж ахуйн багуудаас Сээр баг 2817 тэмээтэй буюу тэмээн
сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлж байгаагаараа онцлогтой.