Эмч нарт зориулсан орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-30 20:15:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь “Чадварлаг эмч, мэргэжилтэн” дэд хөтөлбөр юм.

Хөтөлбөрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж тусгай журмын дагуу “шилдэг эмч” нарыг шалгаруулж байна.

 

Өөрөөр хэлбэл, Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас хойш албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн, таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн аж.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ удаа баярын нээлтийн үйл ажиллагааг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх "Дэмжих төв"-ийн өмнөх талбайд зохион байгууллаа. Энэ үеэр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуяг, Рашаант өрхийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч З.Цоож, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Т.Ганчимэг нарыг “Шилдэг эмч”-ээр шалгаруулж, шагналыг гардуулан өгөв.

Үүнээс онцлоход, Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуяг энэ салбарт 28 жил ажиллаж байна. Түрүү булчирхайн анхны хагалгаа, дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг орон нутагт нутагшуулж, олон иргэний эрүүл мэндийг хамгаалахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа гэж албаныхан онцоллоо.

Мөн аймаг орон нутгаас мэдлэг, чадвартай эмч нараа орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах, дэмжих зорилгоор эмч нарт зориулсан орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг албаны төлөөлөл хэллээ.   


関連ニュース