“Евроазийг дамнасан их нүүдэл” номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-04 16:14:08

Ховд /МОНЦАМЭ/. “Монголын баруун бүс нутаг судлал” цувралын I боть “Евроазийг дамнасан их нүүдэл” номын нээлт өнөөдөр Ховд их сургууль дээр боллоо.

Тодруулбал, Ховд их сургуулийн бүрэлдэхүүн дэх Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль нь баруун бүсийн олон угсаатны бүлгүүдийн түүх, хэл, соёлын онцлогын талаарх судалгааны ажлыг өргөжүүлэх, өмнө нь гадаад, дотоодод гарсан судалгааны эх сурвалж, онолын бүтээлүүдийг нэг дор цомоглож ботьлон нийтийн хүртээл болгохын тулд “Монголын баруун бүс нутаг судлал” сэдэвт цуврал номыг хэвлэж эхлээд байна.

Энэхүү цувралын салхийг хагалж, анхны боть болох “Евроазийг дамнасан их нүүдэл” номын нээлтийг өдгөө зохион байгуулж, уншигчдын гарт хүргэлээ.

Тус бүтээлийн зохиогч нь түүхийн ухааны доктор, профессор Б.Батмөнх юм. Тэрбээр 1996 оноос эхлэн төрөлх Ховд их сургуульдаа багшилсан бөгөөд баруун монголчуудын түүх, угсаатны судлалын чиглэлээр 20 орчим ном зохиол, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэлийг хэвлүүлж байсан туршлагатай.

Түүх гэдэг бол он цагийн орчил, үйл явцын өрнөл, нөлөөлөл дунд үргэлжилдэг. Иймд энэ удаа шинээр танилцуулж буй “Евроазийг дамнасан их нүүдэл” бүтээлд 1771 онд алс холын Европын Ижилийн мөрний сав газраас торгууд угсаатан Зүүнгарыг тэмцэж ирсэн тухай өгүүлнэ. Анх 1600-гаад оны эхээр Ойрадын язгууртнууд нэгдсэн улс байгуулахын төлөө газар нутгаа өргөтгөн тэлж, Ижил мөрний сав нутгийг эрхшээх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, тэнд суурьшсан түүх зэргийг мөшгөн тодруулж, миграцийн онолын татах, түлхэх хүчний нөлөөллөөр тайлбарласанд энэхүү судалгааны бүтээлийн үнэ цэнэ оршиж байгааг түүхчид онцоллоо.  


Байгалийн чөмөг царцам хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, өргөн тал, усгүй цөлийг туулж, Хасаг (казах), Хиргисүүдийн довтолгоон, хориглолттой олон удаа таарч, зовж зүдэрсээр өвөг дээдсийнхээ өлгий нутагт тэмцэж ирсэн “Торгуудын их нүүдэл Евроазийн нутгийг дамжин зургаан сар орчим үргэлжилсэн бөгөөд талын зоригт эрс язгуур угсаа, хэл соёл, эрх чөлөөнийхөө төлөө амь биеэ хэрхэн зольж чаддагийн тод нотолгоо билээ. Иймээс эл бахархалт түүхийг судлан шинжлэх нь Монголын дундад үеийн түүх судлалын чухал асуудлын нэг мөнөөс мөн гэдгийг эрдэмтэн багш нар хэлж байна.

Мөн энэ ном цаашид Монголын түүх, соёлыг судлагч эрдэм шинжилгээний ажилтнууд, их дээд сургуулийн багш, оюутнууд, өргөн олон уншигчдын байнгын хэрэглэгдэхүүн болж чадахаар байгааг тэд онцлов.   

Ташрамд сонирхуулахад, Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах Торгууд угсаатан нь түүхэн хувь заяаны эрхээр дэлхийд ихэд тархжээ. Тэд өдгөө Монгол Улсын нутаг, Ховд аймгийн Булган сум болон ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны зарим аймаг, мужид аж төрж байна.  

関連ニュース