Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Анги удирдсан багш нарт зориулсан “Хүүхдийн аюулгүй байдал-Бидний хариуцлагаас” сэдэвт сургалтыг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Хүүхэд хамгааллын
өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг
хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар үүрэг
хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтад хүүхэд, өсвөр
үеийнхэнтэй хамгийн ойр ажиллаж ирсэн багш нарын төлөөлөл 300 орчим хүн оролцож байгаагаараа
онцлогтой.
Энэ үеэр мэргэжлийн
байгууллагуудын зүгээс өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудал болон гэр бүл,
хүүхдийн хөгжил, хамгаалал, хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт,
цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв. Үүний зэрэгцээ гэрээр айлчлах
арга зүй, зарим сургуулиудын сайн туршлагын талаар мэдээлэл солилцлоо.
Ховд аймаг нь 90 мянга
гаруй хүн амтай. Үүний дотор 18 хүртэлх насны 35 мянга гаруй хүүхэд байгаагаас 30
хувь нь аймгийн төвд, 70 орчим хувь нь хөдөөгийн сумдад амьдарч байна.
Судалгаагаар 2019-2021
онд хүүхдийн эрх зөрчигдсөн шинжтэй 341 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 500
гаруй хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлжээ.
Мөн хүүхдийн тусламжийн
108 утсаар хүлээн авсан дуудлага мэдээлэл сүүлийн гурван жилд нийт 214 байгаа
бөгөөд 2021 онд 41 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймээс хүүхэд хамгааллын
хариу үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, бэлгийн хүчирхийлэл, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл, үл
хайхрах байдлыг арилгах чиглэлд талуудын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа
боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулахад энэ удаагийн
сургалтын үйл ажиллагаа чиглэж буй.
Сүүлийн жилүүдэд өсвөр
насны охидын төрөлтийн түвшин нэмэгдэж байна. Мөн насанд хүрээгүй хүүхэд
гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн гэрч, хохирогч болох тохиолдол
нэмэгдсэнтэй
холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад “Гараас гарт” хөтөлбөрийн
хэрэгжилтийг сайжруулах, хүүхдүүд нийлж гадуур хий дэмий сэлгүүцдэг байдлыг
бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон талаарх мэдээллийг
нууцлах, эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоотойгоор хүүхдийн цахим
хэрэглээнд хяналт тавих чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж оролцогчид саналаа илэрхийллээ.