700 гаруй хичээлийг цахим санд байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-14 16:29:30

Ховд /МОНЦАМЭ/. Ээлжит хичээлийн цахим контент сан бүрдүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт сургалт зохион байгуулж байна.   

Тодруулбал, Боловсролын салбарынхан энэ жил суралцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие даан судлах, хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, багш зайнаас хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурах үйлийг дэмжихэд хэрэглэх “Ээлжит хичээлийн цахим контент”-ын сан бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн ээлжит хичээлийн цахим контент сонгон шалгаруулах уралдаан зохион байгуулж, судлагдахуун тус бүрээр ээлжит хичээлийн цахим контентын сан бүрдүүлнэ.  

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд Ховд аймагт ажиллаж, орон нутгийн багш нарыг ээлжит хичээлийн цахим контент боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.  

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтад ашиглах сургалтын нээлттэй материал, сургалтын интерактив контент, ээлжит хичээлийн цахим контентод тавих шаардлага, “Ээлжит хичээлийн цахим контент сонгон шалгаруулах үнэлгээний аргачлал”-ын дагуу боловсруулсан 16411 хичээлийг цахим сан (medle.mn)-д байршуулах шаардлагатай байгаагаас одоогийн байдлаар 700 гаруй хичээлийг боловсруулж, байршуулаад байна. Иймээс цаашид багш нар ээлжит хичээлийн цахим контентын сан бүрдүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийх юм.

Өөрөөр хэлбэл, medle боловсролын цахим контентын платформыг хөгжүүлж, Монголын өнцөг булан бүрт амьдардаг 1-12-р ангийн сурагчдад хүргэх гэж байна. Чадварлаг багш нар хамтран ерөнхий боловсролын сургуулийн бүх ээлжит хичээлийг цахимжуулан бүх сурагчид нээлттэй болгох ажилд орсон аж. 

Энэ удаагийн сургалтын үр дүнд орон нутгийн багш нар цахим программ ашиглах, цахим хичээл бэлтгэх арга зүйд суралцаж, заах арга зүй, мэдлэг, чадвараа сайжруулж чадна гэж албаныхан үзэж байна.

Сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 100 гаруй багш оролцож байгаа ба сургалтын үйл ажиллагаа маргааш өндөрлөнө.  


関連ニュース