Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр туршлага солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдэв болжээ.
Иймээс
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэгч
талуудын чадавхыг бэхжүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх
чиглэлээр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн
дэлгэрүүлэх зорилгоор “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүсчилсэн сургалтыг Ховд аймагт
хоёр өдрийн хугацаанд зохион
байгуулж байна.
Энэ
удаагийн сургалтад Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах
хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга
байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл болон Ховд, Завхан,
Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн барилга, эрчим хүчний салбарын
инженер, техникийн ажилтан, албан хаагчид, зохицуулах зөвлөлүүдийн төлөөлөл 120
гаруй хүн оролцлоо.
Энэ
үеэр Эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, материаллаг баазыг
бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, үнэ тарифын зохицуулалт хийх, эрчим
хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах
тухай мэдээлэл солилцов.
Мөн цаашид барилга байгууламжийн дулаан,
техникийн засвар шинэчлэл хийх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, барилга барих чиглэлд оролцогчид саналаа
илэрхийлж байлаа.
НҮБ-ын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Үүнээс барилгын салбар 830 мян.тонн нүүрс хүчлийн хийтэй дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан билээ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нөөцийн хэмнэлттэй тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг мөн дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах, барилгад сэргээгдэх эрчим хүч хэрэглэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн аж. Ховд аймаг ч мөн иргэдийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоох, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлдэг, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлсэн жишиг аймаг болохоор зорьж байна гэж албаныхан онцоллоо.