Авто зам, шугам сүлжээ, хог хаягдлын зөрчлийг арилгахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-20 17:39:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв, Жаргалан сумын нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, орчны ая тухтай байдлыг алдагдуулж буй хэд хэдэн зөрчил бий. Иймээс зөрчил дутагдлыг арилгах, засах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай баг гарган, хяналт хийж байна.

Тодруулбал, сэтэлсэн, эвдэрч, гэмтсэн авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд шалгалт, үзлэг хийх, нженерийн шугам сүлжээ, тэдгээрийн худаг, худгийн тагны бүрэн бүтэн байдал, хамгаалалтын зурваст гарч буй зөрчлийг тогтоох, ил задгай хуримтлагдсан хог хаягдлын үзлэг тооллого хийх зэрэг ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай зохион байгуулж байна. 

Эдгээр ажлыг хийхдээ эхний ээлжинд зөрчлийг нэг бүрчлэн бүртгэлжүүлэн, судалгаа гаргасан бөгөөд холбогдох хариуцагч, мэргэжлийн байгууллагууд, зөрчил гаргагч этгээдэд албан шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгаж, засаж тохижуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр чиглэл өгч ажиллаж байгаа тухай албаныхан мэдээллээ.  

Мөн зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эерэг соёлыг төлөвшүүлье” сарын аян болон “Зөвийг зөвлөе-Зөрчлийг засуулъя” арга хэмжээний хүрээнд дээрх ажлыг хийж байгаа бөгөөд ирэх тавдугаар сар хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.  




関連ニュース