Баруун бүсэд 500 гаруй хүүхэд төгөлдөр хуур сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-21 15:54:36

Ховд /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн авьяаслаг хөгжимчин” төгөлдөр хуурын улсын гуравдугаар уралдаан энэ сарын 20, 21-ний өдөр Ховд аймагт болж байна. Уралдааныг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн ивээл дор зохион байгуулснаараа онцлогтой.

Улс орон даяар хөгжмийн олон төрлүүд цаг хугацааг сөрөн өнөөдрийг хүртэл хөгжсөөр байна. Тэр дундаа сонгодог хөгжмийн хаан болох Төгөлдөр хуурыг хүүхэд багачууд ихээхэн сонирхдог бөгөөд баруун бүсийн хэмжээнд л гэхэд 500 гаруй хүүхэд төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төв, дугуйланд идэвхтэй хичээллэж байгаа судалгаа гарчээ.   

Иймээс төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэгсдийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээн уралдааныг "Seven melodies of music" төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвөөс анхлан санаачилж байжээ. Улмаар гурав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй “Авьяаслаг хөгжимчин” төгөлдөр хуурын уралдаанд эдүгээ Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас дөрвөн насны ангиллын дагуу  70 гаруй хүүхэд оролцож,  авьяас,  ур  чадвараа сорин өрсөлдөж байна. 

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн тухайд олон угсаатны соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Түүний нэг бол “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэлхийн сонгодог “хаан” хөгжим болон Оросын хөгжмийн зохиолчдын шилдэг зохиол бүтээлийг нийтэд түгээж, цаашид зөв бодолтой, зөв үйлдэлтэй, дэлхийн аялгууг эгшиглүүлсэн хөгжимлөг иргэн бий болгоход энэ удаагийн уралдааны зорилго чиглэж байгаа.

Төгөлдөр хуурын уралдаанд оролцогчдын хамгийн залуу нь 6 настай бол хамгийн ахмад нь 17 настай сурагч байна. Ховд аймгийн тухайд төгөлдөр хуурын 3-4 дугуйлан, сургалтын төвийг ажиллуулж байгаа бөгөөд 50 орчим хүүхэд одоогоор суралцаж байна. Ийнхүү суралцагчид тэмцээн уралдаанд оролцож төгөлдөр хуур хөгжмийг тоглох ур чадвараа сайжруулж, өмнөх жилүүдээс хүндэрсэн, ахисан түвшний зохиолыг амжилттай толилуулж байгаадаа талархалтай байв.

Тус уралдааныг цаашид уламжлалын дагуу зохион байгуулахдаа үйл ажиллагааныхаа хамрах хүрээ, чанар чансааг өргөжүүлэхээр зорьж байна гэж албаныхан энэ үеэр хэллээ.

“Баруун бүсийн авьяаслаг хөгжимчин” төгөлдөр хуурын улсын гуравдугаар уралдааны үйл ажиллагаа үргэлжилж байна. 

 

 

 

関連ニュース