Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил 30 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-22 13:50:37

Ховд /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын аяныг Ховд аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.

Дархлаажуулалтад 87 багийн 205.1 мянган үхэр, 272 гахайг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 30 хувьтай үргэлжилж байна. 

Энэ ажлыг 17 сумын 42 мал эмнэлгийн үржлийн нэгжид ажиллаж байгаа 25 малын их эмч, 19 бага эмч, нэмэлтээр дайчилгаагаар ажиллах 20 малын эмч, “Хөгжил” политехник коллежийн малын бага эмчийн төгсөх дамжааны дадлагын 13 оюутан, 47 туслах ажилтан гээд нийт 124 хүн, сумдын багийн Засаг дарга, малчидтай хамтран 10 хоногийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Ингэхдээ таван ажлын баг болж, тодорхой чиглэлийн дагуу томилогдсон  бөгөөд тавдугаар сарын 1-ний өдрийн дотор дээрх ажлыг хийж дуусгахаар тооцож, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас хяналт тавин ажиллаж байна.  

Дархлаажуулалтын аяныг улсын Онцгой комиссын 2022 оны 02 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/77 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/198 дугаар захирамжийн хүрээнд эхлүүлсэн.

Ховд аймгийн ихэнх суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Үүнээс одоогийн байдлаар Мянгад, Дөргөн, Чандмань, Ховд гэсэн дөрвөн суманд 60 гаруй мал өвчтэй хэвээр байна. Бусад суманд шүлхий өвчний голомт хумигдаж, өвчилсөн мал эрүүлжиж байна.  

関連ニュース