Ирэх сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-27 09:59:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2022 оны тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын тойм мэдээллийг танилцууллаа.  

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Тавдугаар сарын агаарын температурын ОЖД нь Алтайн уулархаг нутгаар 0…8°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн нутгаар 12...20°C дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд гэвэл Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн нутгаар 0–10 мм, Алтайн уулархаг нутгаар 10–15 мм тунадас ордог аж.

                                         Ирэх тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:

Энэ сард агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. /зураг 1/

Тус сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэс 3-5°С–аар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадасны хувьд гэвэл энэ сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. /зураг 2/  

Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 

Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Мөн дурдсан үеүүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг  анхаарууллаа.  

Өөрөөр хэлбэл, тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас хүйтэн байх ба Алтайн өвөр говиор болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.  

 

関連ニュース