Тариаланчид энэ оны анхны ургацаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-29 22:22:17

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутагт хаврын тариалалтын ажлууд шат дараатай үргэлжилж байна. Энэ цаг үед Ховд аймгийн зарим тариаланч 2022 оны анхны шинэ ургацаа авч, эрүүл хөрсөнд эко аргаар тариалсан хүнсний ногоог иргэдэд нийлүүлэхээр болсон байна.   

Тодруулбал, “Бүжин” брэндийг үүсгэн байгуулагч, залуу тариаланч Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар Ховд аймгийн 2022 оны ургацын дээж буюу энэ жилийн анхны ургацаа өнөөдөр авчээ.  

Энэ гэр бүл сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байна. Талбайн болон хүлэмжийн аж ахуй эрхлэхдээ нийт 18 нэр төрлийн төмс, хүнсний болон нарийн ногоо тарьж буй.

Одоогоос дөрвөн жилийн өмнө 460 мкв талбай бүхий зуны хүлэмжтэй байсан бол одоо 1040 мкв болгон өргөжүүлжээ. Энэ хүлэмжид яншуй, бууцай, 2-3 төрлийн байцай, ногоон сонгино тариалсан байна.

Мөн долоон га талбайд суулгахаар нарийн ногооны 120 мянган ширхэг үр үрслүүлжээ. Үүнээс гадна хотын гудамж, талбайд тарих цэцгийн 40 мянган үрсэлгээг бойжуулаад байна.

Цаашид 1000 мкв талбай бүхий өвлийн хүлэмж байгуулахаар бэлтгэлээ хангасан талаар албаныхан мэдээлж байна. Учир нь энэ хөдөлмөрч гэр бүлийн ажил үйлсийн явцтай Ховд аймгийн удирдлагууд өнөөдөр газар дээр нь очиж танилцав.  

Цаашид жишиг болохуйц өвлийн хүлэмжийн аж ахуйг зөв зохистой, тогтвортой эрхлэн ажиллуулахад бодлогын түвшинд дэмжин, хамтран ажиллах байх гэж найдаж байгаагаа залуу тариаланч Ж.Энхзаяа илэрхийллээ.

 

関連ニュース