Мэргэжлийн боловсролын сургалтын онцлогийг сурагчдад танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын
байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Ховд аймаг дахь “Хөгжил”
политехник коллеж нь “Найзаа урья” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын зүгээс Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн сурагчдыг урьж, сургалтын орчин нөхцөл, дадлагын газруудыг танилцуулан, мэргэжлээ сурталчиллаа. “Мэргэжилтэй ажилтан бэлтгэж бүсийн тэргүүлэх сургууль болох” зорилттой ажиллаж байгаа “Хөгжил” политехник коллежийн хамт олон өдгөө 30 гаруй мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэж, тэдний ур чадвар, чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагааг түншлэл, хамтын ажиллагааныхаа хүрээнд амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай.
"Найзаа урья" үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 16 багш, нийгмийн ажилтнууд болон 470-аад сурагч оролцлоо. Үүний үр дүнд сурагчид барилгын засал чимэглэл, зоо техникч, бетон арматурчин, хүнсний үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, оёдол, ахуй үйлчилгээ гэх мэт олон чиглэлээр ажил мэргэжлийн чиг баримжаатай болсон бөгөөд сонирхсон мэргэжлийнхээ дагуу цаашид коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хандан сурах хүслийг төрүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чухал ач холбогдолтой байгааг зарим сурагч хэлж байна.
Тус үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгуулж буй.