245 га талбайд “эко” шинэ суурьшлын бүс байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-09 10:08:58
Ховд /МОНЦАМЭ/. “Шинэ Ховд” шинэ суурьшлын бүсийг 245 га талбайд байгуулж, 90-100 мянга орчим хүн амьдрах тооцооллын дагуу нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ.

 

Шинэ суурьшлын бүсийн 30 га талбайд төрийн болон үйлчилгээний 16 барилга барина.

Төлөвлөсөн ажил, баталсан төсвийн дагуу тавдугаар сарын 6-нд Улсын бүртгэл, архивын газар, Гадаадын иргэн харьяатын байр, Багшийн хөгжлийн ордон, Олон угсаатны театр, 75 ортой цэцэрлэг, Кино театр гэсэн зургаан барилгын шав тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхэллээ.

Эдгээр бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн компаниуд гүйцэтгэнэ. Үүнээс энэ онд Улсын бүртгэл, архивын газрын байр, Гадаадын иргэн харьяатын байр ашиглалтад орох аж.

Төрийн үйлчилгээний барилгаас гадна хувийн хэвшлийн барилгын ажлууд ч мөн эхэлнэ. Тодруулбал, Ховд аймгийн бизнес эрхлэгч залуус нэгдэн 20 давхар шилэн барилга /томоохон үйлчилгээний төв, зочид буудал гэх мэт/ барих саналыг ирүүлж, ирэх есдүгээр сард эхлэхээр төлөвлөөд буй.

Шинэ суурьшлын бүсийг яндангүй, агаарын бохирдолгүй эко байлгахаар төлөвлөж, цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлыг аймаг орон нутгаас шийдсэн гэж албаныхан онцоллоо. Мөн Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2014-2016 онд 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийсэн байдаг. Одоо энэхүү төлөвлөгөөний дагуу хотоо шинээр хөгжүүлэхээр дээрх ажил эхэлснийг онцлон дурдав.

  

関連ニュース