Ховдод 600 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-12 12:26:33

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна.

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтнуудыг дэмжих, урамшуулах замаар чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн “Чадварлаг эмч, мэргэжилтэн” дэд хөтөлбөр хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг сувилагч”, “Шилдэг тусгай мэргэжилтэн”-үүдийг шалгарууллаа. 

Ингээд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 28 жил ажиллаж, сувилахуйн чиглэлээр олон илтгэл судалгааны ажил бичиж, сувилахуйн мэргэжилтнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар БОЭТ-ийн Сувилахуйн менежер Т.Энхтуяа, мөн 33 жил мэс заслын сувилагчаар ажиллаж байгаа Амаржих газрын сувилагч Б.Сувданчимэг,  коронавирусний  халдварын тархалтын үед хамгийн олон буюу 98 хоног сувилагчаар  ажиллаж  иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө сэтгэл, зүтгэл гаргасан БОЭТ-ийн Туслах сувилагч Х.Цэцэгээ нар  "Шилдэг сувилагч” -аар тус тус шалгарч, шагналаа гардан авав.

Мөн “Шилдэг тусгай мэргэжилтэн”-ээр 2011 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, ажиллах хугацаандаа Гемодиалезийн чиглэлээр дөрвөн төрлийн шинэ технологийг нэвтрүүлсэн амжилтаар Гемодиализын техникч, эм найруулагч Т.Ганбүүрэг, 1991 оноос хойш Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд бага эмчээр тасралтгүй 31 жил ажиллахдаа таван илтгэл, судалгааны ажил бичиж, хоёр удаа “Баруун бүсийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдаан”-д оролцож тэргүүн байр эзэлж байсан амжилтаар Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч Ч. Хандмаа нар шалгарчээ.   

Түүнчлэн хөдөөгийн бага эмч, сувилагчдаас Зэрэг сумын Эхэн багийн эмч А.Цагаанбаярыг "Шилдэг багийн эмч"-ээр, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Н.Байгалмаа "Шилдэг сувилагч"-аар шалгарсан аж.   

Ховд аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт 1369 эмч, эмнэлгийн ажилтнууд бий. Үүний 600 гаруй нь сувилагч, тусгай мэргэжилтэн байна.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2022 оныг “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийг зорьж буй.

関連ニュース