“Илүүдэл жингүй эртэч монгол” аянд Ховд аймгаас 210 мянга гаруй иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-28 09:04:06

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй эртэч монгол” аян өнөөдөр өндөрлөлөө. 

Ховд аймгийн ЗДТГ, БТСГ хамтран 06.00-07.00 цагт аймгийн төв талбайд аяны хаалтын ажиллагааг зохион байгуулав.

Энэ үеэр аянд идэвх санаачилгатай оролцсон сум, байгууллага хамт олон, иргэдэд талархал илэрхийлж шагнал гардууллаа. Үүнд Булган сум тэргүүлсэн бол Манхан сум дэд байр, Чандмань сум гуравдугаар байр, Мянгад, Буянт сумынхан тусгай байрт шалгарчээ. 

Харин байгууллагуудаас Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэг тэргүүн байр эзэллээ. Мөн хоёрдугаар цэцэрлэг дэд байр, нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон гуравдугаар байр, Стандарт хэмжилзүйн хэлтэс, наймдугаар цэцэрлэг, нэгдүгээр сургууль тусгай байрт тус тус шалгарсан юм. 

Аян эхэлсэн хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хойш Ховд аймгийн 17 сум, төрийн болон төрийн бус 80 гаруй байгууллагын ажилтнууд идэвхтэй оролцсоор улсдаа түүчээллээ. Өнгөрсөн хугацаанд найман настай балчраас наян настай буурал хүртэл давхардсан тоогоор 210 мянган хүн оролцсоныг зохион байгуулагчид онцоллоо.   

Тус аянд олон байгууллага нэгдэж, өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж тодорхой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэгийн хамт олон аяны хугацаанд хүн бүр 4-5 кг илүүдэл жингээ орхисон гэж эрхлэгч Ц.Ганцэцэг ярив.  


関連ニュース