СҮХБААТАР: Ц.Хулан, Д.Нямаа нарын зохиолч, яруу найрагчид чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-21 12:10:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагчид 7 дугаар сарын 26-нд тус аймагт чуулна. Монголын түүх, соёл, ёс заншлыг дээдлэх, таниулах, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг сурталчлах, түгээн  дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, Сүхбаатар аймгийн уншигч, яруу найрагчдыг илрүүлэн дэмжих зорилго бүхий “Уран үгсийн чуулган яруу найргийн баяр” Баруун-Урт хотноо болно.  

Баярт МУСГЗ Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Хулан, МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Д.Нямаа, МУСГЗ, яруу найрагч С.Амартайван, МУСГЗ, яруу найрагч Ай.Төмөр-Очир, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Батсайхан, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Х.Сүглэгмаа, Б.Төгсжаргал, Ч.Эрдэнэбаатар, Ц.Оюундэлгэр болон Сүхбаатар аймгийн “Дөрвөн цаг” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид оролцоно.

Тэд шүлэг, яруу найргийн талаар оролцогч болон үзэгчидтэй ярилцаж, өөрсдийн уран бүтээлээ сурталчлан уншиж сонирхуулахаас гадна зохиолч, яруу найрагчдын дууны уран бүтээлээс “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид толилуулах аж.

Уг яруу найргийн баярыг аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн “Дөрвөн цаг”  утга зохиолын нэгдэл, аймгийн ИТХ, аймгийн Соёл, урлагийн газар, МУСГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Нийтийн номын сан, “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр хамтран зохион байгуулж байна. 

関連ニュース