АРХАНГАЙ: Хархул хааны балгасыг 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-22 18:51:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, сумын төвөөс урд зүгт 7 км орчим зайд Хануй голын урд хөвөөнөө Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурь оршино. Хархул хааны балгас нь Архангай аймгийн түүх соёлын есөн гайхамшгийн нэг юм.

Хархул хааны балгасыг анх 1891 онд Оросын судлаач Д.А.Клеменц уг дурсгалыг бүртгэж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Хотын үлдэгдэл нь 330 х 370 м хэмжээтэй, дунджаар 3 м өндөр, дөрвөн талдаа хаалгатай дөрвөлжин хэрэм, барилгуудын сууриуд зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Хэрмийн гол дунд хоорондоо холбоотой гурван барилгын үлдэгдэл бий. Энэ барилгаас урагш өмнөд хаалга хүртэл урт шулуун зам мэт овгор зурвас байгаа нь өндөрлөж, дагтаршуулж хийсэн гол замын үлдэгдэл ажээ. Хэрмийн баруун урд хэсэгт нэг том барилгын үлдэгдэл, зүүн өмнөд хэсгээр хэд хэдэн барилгын бүдэг ором, хонхорууд байхаас гадна хэрмийн хойд хэсэгт мөн барилга байсан нь бүдгэрч, тосгоны бөөгнөрөл, суурь чулууд үлджээ. Түүнчлэн хэрмийн янз бүрийн хэсгээр олон тооны боржин чулуу хөшөө, баганын суурийн үлдэгдэл, боржин чулуугаар хийсэн барилгын эд хэсэг бололтой зүйлс тохиолдоно. 


Энэхүү том дөрвөлжин хэрмээс хойш 200-гаад метрийн зайд өөр нэг дөрвөлжин хэрэм оршино. Том хэрмийн доторх залгаатай гурван овгорын хамгийн томыг бага хэмжээгээр малтан судлахад зээбадын дүрстэй нүүр бүхий ваарны хэлтэрхий, шавраар хийж алтлаг будгаар хээ угалз тавьсан бурханы сэнтий мэт зүйл, шавраар үзэмжтэй сайхан урлаж хийсэн хүний нүүрний хэсэг, хурууны үзүүр зэрэг зүйлс олджээ. Тоосгоны олонхи дээр товойлгож хийсэн янз бүрийн тамга, тэмдгүүд байдаг нь Хархорумын олдвортой ижил байж. 

Өөрөөр хэлбэл, хотын малтлагаас илрэх дээврийн тосгуур, нүүр ваар, тоосгоны хэв загвар, паалантай чимэглэл, өрлөг шаваасны онцлог зэрэгт үндэслэн энд гурваас доошгүй өөр өөр цаг үед бүтээгдсэн дурсгал байна хэмээн тодорхойлж, эдгээрийн нэг нь ХIII зууны үеийн Хархорумын барилга байгууламжтай нэг цаг үед холбогдоно хэмээн судлаачид үзсэн байдаг. 

Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

関連ニュース