СҮХБААТАР: Хуушуурын худалдаа эрхлэх 116 зөвшөөрөл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмаар
хуушуур, нийтийн хоолны худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэдэд зөвшөөрлийг Баруун-Урт
сумын ЗДТГ-аас үнэ төлбөргүй олгосон. Хуушуурын 116, жижиглэн худалдааны 97,
түргэн хоолны таван зөвшөөрлийг ААНБ, иргэдэд олгожээ.
Өөрөөр хэлбэл баяр
наадмаар үйлчилгээ эрхлэхийг хүссэн бүх иргэнд ямар нэг шалгуургүйгээр зөвшөөрлийг
олгосон. Тиймээс эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан байх ёстойг онцгойлон анхааруулж
байгаа юм. Дээрх ААНБ, иргэд бүгд заасан талбайд байрлах бөгөөд хуушуурын гэрийн
116 байршлыг сугалаа хэлбэрээр ил тод сонгуулжээ. Харин хуушуурын үнийг иргэд
өөрсдөө тогтоох аж.
Үйлчлүүлэгчдийн тав
тух, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд
аймгийн МХГ, ОБГ, МЭГ-аас мэдээлэл зөвлөгөөг өгсөн юм.