СҮХБААТАР: Н.Ганибал: 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийж, 80 жилийн ойгоо угтлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд буюу Сүхбаатар аймаг байнуулагдсаны
80 жилийн ойн хүрээнд 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил
хийгдсэн тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал мэндчилгээндээ дурдав.
Мэндчилгээндээ, Уугуул нутагтаа гал голомтоо сахиж суугаа ахан дүүс, эх орны 4 зүг, 8 зовхист болон хилийн чандад аж төрж буй нийт сүхбаатарчууддаа Сүхбаатар аймаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. 80 жилийн түүхтэй Сүхбаатар аймагт 80 настай Сүхбаатарын одон хүртээлээ.Нийт сүхбаатарчууддаа халуун баяр хүргэе.
Он цагийн хуудсыг найман арванаар ухраахуй дор Сүхбаатар аймаг маань Хэнтий, Дорнод аймгаас газар нутаг, хүн, мал таслан авч, Мандлын хийд дээр төвлөрөн, Жавхлант шарга нэртэйгээр анх байгуулагдаж, жилийн дараа Уртын гол руу шилжин суурьшиж, их жанжныхаа нэрийг зүүж байжээ.
Ээрэм талд соёлын үрийг тарьж, бүтээн байгуулалт өрнүүлж эхлүүлсэн ахмад үеийнхэн, тэднийхээ эхлүүлснийг үргэлжлүүлэн, бүтээснийг нь бататгаж ирсэн дараагийн үеийнхэн, шинийг санаачлан, шилдэг аймаг болтол хөгжүүлсэн энэ цагийнхан гээд гурван цагийн хэлхээс дор, үе үеийнхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Сүхбаатар аймаг маань өнөөгийн өнгө төрхөө олсон юм.
80 жилийн өмнө аймгийн хэмжээнд өвс хадах хоёр морин станц, нэг нүүрсний уурхай,
гурван сүү тосны завод ажиллаж байсан бол өдгөө 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.2 сая төгрөгт хүрч, энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд Орхон, Улаанбаатар, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ аймгийн дараа
зургаа дугаарт жагсаж байна. Зам дагаж хөгжил ирдэг. Өнөөдөр аймгийн төв
таван тойрог замаар холбогдож, шороо татуулан давхидаг цаг ард хоцорсон. 80 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 60 гаруй км цардмал зам баригдсанаас 90 гаруй хувийг нь сүүлийн 13 жилд барьсан байдаг. Түүнчлэн улсын нийслэл Улаанбаатартай цардмал замаар бүрэн холбогдсоноор холыг ойртуулж, цаг хугацааг товчлох болсон билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамт өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран, улс, орон нутгийн төсөв, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар олон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлээ. Зөвхөн энэ онд гэхэд, улс, орон нутгийн төсвөөс Сүхбаатар аймагт 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 80 жилийн ойгоо угтаж байна. Цаашид Сүхбаатар аймаг Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц болж, эдийн засгаа тэлж, нийгмийн үйлчилгээ, иргэдийн амьдралын чанарыг үлэмж дээшлүүлэхийн төлөө бүх шатандаа хамтран, хичээнгүйлэн ажиллах болно.
Өндөр хүндэтгэлт өвгөд буурлууддаа бие тэнхлүүн, магнай тэнэгэр байхыг, өнөө цагийн түүхийг бүтээгч идэр залуустаа ажил үйлс нь өөдрөг байхыг, өрнөх ирээдүйн эзэн хүүхэд багачууддаа эрдэм номын олз омог арвин байхыг ерөөе гэв.