АРХАНГАЙ: Цасанд боогдсон 63 автомашин, 140 хүнийг аюулгүй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 7-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас зам давааг хааж, онц байдал үүсэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбараас алба хаагчид, 2 автомашинтай ажилласан байна. Улмаар цасанд боогдсон 63 автомашин, 140 хүнийг аюулгүй болгожээ. Мөн дуудлагаар 11 хүн, 3 автомашиныг татан гаргасан байна.
Хашаат суманд хүн алга болсон дуудлагын дагуу сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, албад ажиллаж, эсэн мэнд олжээ.
Өчигдрийн байдлаар Хайрхан, Өгийнуур, Хашаат сумаас автомашин цасанд суусан, нэг хүн алга болсон зэрэг дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн албад ажиллаж, баруун хойд сумдаас Улаанбаатар чиглэлд гарч, цасанд боогдсон 4 автобус 82 хүн, 6 автомашины татан гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Мөн Өгийнуур суманд цасанд боогдсон 8 иргэн 2 автомашиныг татан гаргажээ.