АРХАНГАЙ: Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй байгууллага тус бүрээр орж биечлэн танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-25 11:55:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Удирдах ажилтны 10 дугаар сарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 


Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нар удирдан явуулж, цаг үеийн асуудлаар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ЗДТГ-ын СТСХ-үүд мэдээлэл хийлээ.

 

ОБГ: Аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сард 8 удаагийн аюулт үзэгдэл осол тохиолдсоны дотор объектын гал түймэр 2, ой, хээрийн гал түймэр 1, зам тээврийн осол 1, мал амьтны гоц халдварт мялзан өвчин 3, хүний гоц халдварт өвчин /ковид-19/ цар тахал 1 тус тус гарч, дээрх гамшиг ослоос ОБГ-ын алба хаагчид 149 иргэний амь, 95 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

 

ЭМГ: Халдварт өвчний 218 тохиолдол бүртгэгдсэнээс 10 хувь нь сүрьеэ, 90 хувь нь БЗДХ байна. Улсын хэмжээнд томуугийн вакциныг хийж эхэлсэн. БНСУ-ын GC FLU 4 цэнт 12270 тун томуугийн вакциныг Архангай аймагт татан авч, 10 сарын 24-нөөс эхлэн 5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмад настан, өвчлөлд өртөмтгий бүлгүүдэд хийж эхлээд байна.

 

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөс дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өгчээ.

• Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 10 сарын 24-30-ны дотор буюу энэ 7 хоногт бүрэн дуусгах

• Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

• Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажиллах

• Хууль тогтоомж, үүрэг даалгаврын биелэлтийг цаг хугацаанд нь тайлагнах

• Цахим гарын үсэгт хамрагдалтыг аймгийн хэмжээнд эрчимжүүлэх

• 100 жилийн ой угтаж гаргасан аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны А/274 захирамжийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг байв. 


Аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат:

- Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний ач холбогдол их. Гэсэн хэдий ч зарим байгууллагын удирдлагууд хуралдаа суудаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй. Тайлангаа өгдөг ч чанар, стандартын зөрчил дутагдал байсаар байна. Иймээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцана. Ёс зүй, хариуцлагын асуудал яригдана хэмээн зөвлөгөөнийг хаав.

関連ニュース