АРХАНГАЙ: Теле хяналтын камерын төвийг байгуулан ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-25 16:35:53

Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд теле хяналтын камерыг өргөнөөр ашиглах, Теле хяналтын камерын төвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус төвийн үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулан газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн а/37 дугаар тушаалаар баталж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

Энэ ажлын хүрээнд 2022 онд 450 сая төгрөгөөр 21 цэгт чиглэлийн 60, эргэдэг 5, нийт 65 ширхэг камерыг шинээр суурилуулан өнгөрөгч 9 дүгээр сард ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд хийсэн камержуулалтын ажлын явцад өмнө нь ашиглаж байсан 18 хяналтын цэг дэх 39 ширхэг камер, түүний дэд бүтцэд засвар үйлчилгээг ажлын гүйцэтгэгч “Оргилуун үйлс” ХХК-аар хийлгүүлжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хэмжээнд 104 ширхэг камерыг Теле хяналтын камерын төвд бүрэн холбоод байна.

 

Өмнө нь Архангай аймгийн төвд орон нутгийн санхүүжилтээр 2017 онд 7.9 сая төгрөгөөр 5, 2018 онд 44.9 сая төгрөгөөр 22, 2019 онд 26.8 сая төгрөгөөр 8, 2020 онд 55 сая төгрөгөөр “утасгүй сүлжээний бааз станц” 2 цэгт 2 ширхэг, хяналтын камер 2 цэгт 3, зориулалтын “video wall” ханын дэлгэцийн төхөөрөмж, 32 сувгийн 3 ширхэг бичлэг хадгалах төхөөрөмж /nvr/-ийг тус тус авч байрлуулжээ. 

関連ニュース