АРХАНГАЙ: “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-31 09:50:32

­Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг Архангай аймагт 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

"Аваргын гараа" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан нь аймгийн бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, улс, аймгийн цолтой бөхчүүдийг гаргах зорилготой бөгөөд энэ жил зургаа дахь жилдээ аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, түүний эгч, дүү нарын хамтаар зохион байгуулсан юм.  

 

Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр ч өөрийн биеэр ирж, барилдааныг үзэн, шагнал гардуулах ёслолд оролцсон юм.

 

Барилдаан гурван насны ангилалд болсон ба 17-18 насны ангилалд 5-р сургуулийн сурагч М.Рэнцэндаржаа түрүүлсэн бол 15-16 насны ангилалд Өлзийт сумын П.Бямбадорж түрүүлж, 13-14 насны ангилалд 5-р сургуулийн сурагч Э.Саруул-Эрдэнэ түрүүлэв.  

Харин багийн дүнгээр

1-р байрт Л.Жамбал /Аймгийн арслан/ дасгалжуулагчтай 5-р сургуулийн баг тамирчид

2-р байрт М.Батзориг дасгалжуулагчтай Өлзийт сумын баг тамирчид

3-р байрт Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын баг тамирчид шалгарчээ.

 

Жил ирэх тусам үндэсний бөхөөр хичээллэх хүүхдийн тоо өсч буйг дасгалжуулагч багш нар нь хэлж байлаа. Энэ удаагийн барилаанд нийт 280 орчим хүүхэд барилдсан байна.

 

"Аваргын гараа" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанаас эхлэлтэй олон залуу бөхчүүд бий. Дурдвал, Улсын харцага З.Зоригтбаатар, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Л.Жамбал, Б.Батсайхан, аймгийн харцага Б.Сэнгэдорж, Г.Мөнхбаяр, аймгийн начин Ө.Шийрэв болон сумын заан Д.Шаравдорж, С.Мягмарсүрэн, Д.Эрдэнэчулуун, Б.Орших, О.Доржсамбуу нарын залуу бөхчүүд Архангайн бөхийн залгамж халаа болж, амжилттай барилдаж байна.

関連ニュース