АРХАНГАЙ: Зөөврийн рентген аппарат хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сумын Сум дундын эмнэлэгт Японы хүүхдийг Ивээх сангийн "Денан төсөл”-өөс зөөврийн рентген аппаратыг хандивлажээ. Орон нутгийн эмнэлэгт шаардлагатай энэ төхөөрөмж нь явуулын оношилгоо, үйлчилгээ хийж, иргэдэд шуурхай үйлчлэх боломжийг олгож байгаа юм.
Сумын эмнэлэгт бүх төрлийн хурц болон архаг өвчнүүд, ялангуяа дотрын өвчин, амьсгалын замын эмгэгүүд, гэмтэл, яаралтай тусламжийн тохиолдлуудад оношилгоо хийхэд рентген аппарат хэрэгцээ ихтэй байдаг талаар сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар хэлжээ.
“Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Тариат, 2017 оноос Эрдэнэмандал суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, 2021 онд Эрдэнэмандал сумын эмнэлэгт нярайн шарлалтын болон эхо аппарат хандивлаж байжээ.
2022 онд Японы хүүхдийг ивээх сан АНУ-д төвтэй "Денан төсөл"-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Эрдэнэмандал, Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн тухай мэдээллийг Архангай медиа группийн Эрдэнэмандал сум дахь сурвалжлагч Б.Отгонсүрэн мэдээллээ.