АРХАНГАЙ: Вакцинжуулалтад 1,5 сая толгой малыг хамруулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт цусан халдварт, дотрын халдварт хордлого, дуут хавдар, гахайн цусан халдварт, Боом, галзуу, листертоз зэрэг 7 нэр төрлийн халдварт өвчний вакцин татан авч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хуваарийн дагуу олгон, дархлаажуулалтыг эхлүүлсэн. Нийт 1,6 сая толгой мал хамруулахаас вакцинжуулалтад 1,5 сая толгой малыг хамруулж, 92.4 хувьтай байна.
Дээрх ажлыг МЭЕГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ‘’Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай’’ А/28 дугаар тушаал, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ‘’Мал эмнэлгийн үйлчилгээний хөлс, вакцинжуулалтын санхүүжилт олгох тухай’’ А/267 дугаар захирамж, аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн ‘’Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай’’ А/11 дүгээр тушаалын хүрээнд явуулжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Бруцеллёзын дархлаажуулалтыг зохион байгуулах тухай" А/166 дугаар тушаал, аймггийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Бруцеллёзын дархлаажуулалтыг зохион байгуулах тухай" А/614 дүгээр захирамжийн дагуу дархлаажуулалтын ажлыг технологит хугацаанд зохион байгуулж, 102,7 мянган тугал, 802,0 мянган хурга, 364,9 мянган ишиг нийт 1,269.5 мянган төл мал хамрагдана гэж төлөвлөгдсөнөөс 102,1 мянган тугал, 795,7 мянган хурга, 361,5 мянган ишиг нийт 1,259.2 мянган төл малыг хамруулж, гүйцэтгэл 99,2 хувьтай байна.