Террорист ажиллагааг сурталчилсан 15 хүнийг Францаас хөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-08-29 12:39:13

ПАРИС. /Sputnik/. Францын эрх баригчид үзэн ядалт болон терроризмыг сурталчлан дэмжсэн гэх үндэслэлээр гадаадын 15 иргэнийг тус улсаас хөөсөн тухай Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнёв мэдэгджээ.

“Лалын сүмүүдэд үзэн ядалт болон терроризмыг дэмжихийг уриалсан хүмүүст бид нар буулт хийхгүй. Энэ мэт ажилллагааг үйлдэгч гадаадын иргэдийг эх орноосоо хөөн гаргах талаар тодорхой заавруудыг би өгсөн. Он гарснаас хойш бид 15 хүнийг хөөн гаргасан бөгөөд тэднээс зургааг нь энэ наймдугаар сард албадан гаргалаа” гэж сайд Казнёв ням гарагт "Круа" сонинд /Croix/ өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сүмүүдэд радикал үзлийг сурталчилсны учир сүүлийн саруудад 20 орчим лалын сүм болон залбирал үйлддэг газруудыг хаагаад байгаа ажээ. Сайдын мэдээлснээр, 2012 оноос хойш нийтдээ 80 хүнийг терроризмын үйл ажиллагааг сурталчилсан гэх үндэслэлээр Францаас хөөн гаргасан байна.  

Х.Сарнай
 

関連ニュース