Орон нутгийн сонгуульд дөрвөн нам оролцохоор хүсэлтээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн сонгуулийн хороонд нийт 4 нам эвсэл ирэх 10-р сард болох Орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд МАН, АН 18 суманд, ИЗНН 4 суманд, МАХН 1 суманд сонгуульд оролцохоо илэрхийлжээ.
Өнгөрсөн сарын 27-ны өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 01 дугаартай тогтоолоор Хэнтий аймгийн сонгуулийн хороог байгуулжээ. Ирэх 10-р сард болох орон нутгийн сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн тус сонгуулийн хорооны даргаар АЗДТГ-ын хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Б.Жавхланбаяр, гишүүдээр аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, АЗДТГ-ын тасгийн дарга Б.Борхүү, АЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Баясгалан, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн И.Батжаргал, Хэрлэн IV сургуулийн багш Э.Болормаа, Орон нутгийн өмчийн албаны дарга С.Нямдаваа гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.
Аймгийн сонгуулийн хорооны зохион байгуулах комисс хуралдаж, сумдын сонгуулийн хороог хуульд заасан хугацаанд нь байгуулсан байна. Ингэхдээ Хэрлэн суманд долоон хүний бүрэлдэхүүнтэй, харин бусад бүх сумдад тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, сонгуулийн хуулыг чандлан мөрдөж ажиллах зөвлөмжийг хүргүүлжээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг