ӨМНӨГОВЬ: Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хүлээлгэн өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын захиалгаар БХБЯ, Оюутолгой ХХК болон "Эн ай пи групп" ХХК-тай хамтран Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хүлээлгэн өглөө.
Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гол онцлог нь 2040 он гэхэд Ханбогд сумыг тогтвортой, ногоон суурин болгон хөгжүүлсэн байх суурь зарчмыг баримтлан ажиллаж байгаа аж.
Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаар 20, 30 жилийн хамтын ажиллагааны явцад тэргүүлэх ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах вэ зэрэг асуудлыг чиглүүлэх гол баримт бичиг болж байгаагаараа онцлогтой.
"Эн ай пи групп" ХХК-ийн төлөөлөгч М.Уянга:
Манай компани үндсэндээ 2020 оноос тус төсөл дээр ажиллаж эхэлсэн. Хоёр жил гаруй хугацаанд 30 орчим хот төлөвлөгч архитектур, мэргэжлийн инженерүүд, эрдэмтэн судлаачид гэсэн бүрэлдэхүүнтэй бүх салбарт судалгаа явуулсан.
Энэхүү хот төлөвлөлтийн суурь судалгаанд үндэслэн гол санаа шийдлийг гарган төлөвлөсөн. Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь бусад сумаас ялгарах онцлог нь юу вэ гэвэл, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд, говийн бүсийн хүртээмжтэй тэгш тогтвортой, ухаалаг сум зэрэг бодлогын бүх бичиг баримттай уялдуулан төлөвлөгөөг гаргаснаараа ялгарах давуу тал онцлогтой болж байгаа юм.