Хил нээгдсэний дараа Хятадын жуулчид Азийн орнууд руу хамгийн их зорчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-01-10 14:20:14

БЭЭЖИН. /Global Times/. Аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалсны дараа Хятадын жуулчид Австрали болон Зүүн-Өмнөд Азийн орнууд руу хамгийн их зорчжээ гэж тус улсын “Global Times” сонин өнөөдөр мэдээлэв. 


Хятадын аялал жуулчлалын оператор “trip.com” цахим хуудасны статистик мэдээллээс эш татан тус хэвлэлд мэдээлснээр, тус улсын иргэд хамгийн их зорчдог орнуудын жагсаалтад Австрали, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд болон Япон багтсан байна. Чуньзе буюу Хаврын баярын амралтыг /нэгдүгээр сарын 21-нээс 27 хүртэл үргэлжилнэ/ тохиолдуулан хамгийн их зорчдог 10 чиглэлийн тоонд мөн Их Британи, Хонконг, Макао орсон байна. Эдгээр орон нь газарзүйн хувьд ойрхон, мөн Хятадын иргэд визний хялбаршуулсан журмаар зорчдог тул тийнхүү Хятадаас аялагчдын урсгалд дарагддаг аж.


Жишээлбэл, Тайландад Хятадаас ирсэн жуулчид тус улсад ирсэн даруйдаа виз авах боломжтой. Гэхдээ визний хүчинтэй байх дээд хугацаа энэ оны гуравдугаар сарыг дуустал 30 хүртэл хоног байх аж. Тайландын эрх баригчид энэ оны эхний улиралд Хятадаас 300 мянга орчим жуулчин ирнэ гэж тооцоолж байгаа бөгөөд энэ тоо оны эцэс гэхэд 5 саяд хүрч магадгүй байна. Энэ нь цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй бага үзүүлэлт юм. 2019 онд Тайландад 11 сая хятад жуулчин ирж байжээ. Гэсэн хэдий ч ДНБ-ийх нь жилийн өсөлтийн хурдацыг 0.6 нэгжээр нэмэгдүүлнэ гэж Тайландын эрх баригчид үзэж байгаа ажээ. 


Цар тахлын өмнө буюу 2019 онд Хятадаас 150 сая гаруй жуулчин дэлхийн улс орнуудад аялжээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2019 онд Хятадын аялагчид хилийн чанадад 254.6 тэрбум ам.доллар зарцуулсан нь хамгийн их үзүүлэлт бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зардлын 20 орчим хувийг эзэлсэн байна.


Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас тус улсад ирж буй иргэдэд тогтоосон хорио цээрийн дэглэмийг болон гадаадад хийх аялалд тавьсан хязгаарлалтыг цуцалсан билээ.

関連ニュース