ХБНГУ-ын Заксон мужийн төлөөлөгчид Дарханд айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ХБНГУ-ын Заксон муж улсын өмчит “Заксоны эдийн засгийн дэмжлэг” компанийн захирал Томас Рихтер тэргүүтэй 14 төлөөлөгчийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Засаг даргын орлогч Т.Ганболд зочдод Дархан хотын түүх, орон нутгийн онцлогийн талаар танилцуулж ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн “Дархан Төмөрлөг” ТӨХК, “Шүтэн-Уул”, “Монгол Алтан тос”, “Агромаштех”, “Минж Проперти”, “Таймлесс” зэрэг ХХК-иудын бизнес эрхлэгчид уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр, наранцэцгийн тос шахах үйлдвэр, үр хадгалах елеватор байгуулах зэрэг 10 орчим төсөл хөтөлбөрийг танилцуулж Германы төлөөлөгчидтэй ганцаарчилсан уулзалтыг хийлээ. Экспортын барааг орлохуйц нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталж буй тус аймагт энэ удаагийн уулзалт ихээхэн ач холбогдол өгч цаашид ХБНГУ-тай хийх хамтын ажиллагаа хэд хэдэн шатаар ахина гэж талууд үзлээ. Өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь ААНБ-иудын инноваци, дэвшилтэт технологи, түүнийг нэвтрүүлж хэрэгжүүлэх мэргэжлийн өндөр төвшний ажиллах хүч байдаг. Эдгээр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд найдвартай гүүр болон ажилладаг. Төвд агентур нь Монголын ААНБ-уудад Герман улстай хамтрах боломжийг нээж бүтээмжит хамтын ажиллагааг бий болгохын тулд жил бүр энэхүү бизнес аяллыг ХБНГУ-ын муж улсуудтай хамтран зохион байгуулж иржээ.
Энэ удаа Дархан хотыг сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг биш салбар бүрд олон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх боломж бий хэмээн үзсэн гэдгийг ХБНГУ-ын төлөөлөгчид онцоллоо. Уулзалтын дараа төлөөлөгчид тус аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехник коллеж, Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.
Б.Норовсамбуу