СҮХБААТАР: Дэмжих жилийн үйл ажиллагааны зардалд 150 сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил
болгон зарласан. Энэ хүрээнд дэмжих жилийн үйл ажиллгааны зардалд 150 сая
төгрөгийг нэмэлтээр төсөвлөжээ. Үүнээс 100 сая төгрөг нь 18 хүртэлх насны хүүхдүүдийг
эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулна.
Тухайлбал, шүдний нарийн
мэргэжлийн эмч нарыг авчирч, орон нутгийн эмч нартай хамтран бүх хүүхдийг
шүдний үзлэгт хамруулна. Мөн дэлгэцийн хамааралтай холбоотойгоор хүүхдүүдийн
дунд нүдний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дотоод болоод гадаадын эмч,
мэргэжилтнүүдтэй хамтарсан нүдний үзлэгийг хийх аж. Энэ хүрээнд эхний
ээлжид БНСУ-тай хамтран 1500 хүнийг нүдний үзлэгт хамруулахаас 1000 нь хүүхэд
байна гэж тооцжээ. Улмаар нарийн үзлэг, оношилгооны дараа эмчилгээ хийх, гуравдугаар
шатны эмнэлэгт зуучлах, цаашлаад шаардлагатай тохиолдолд нүдний шилээр хангах
ажлыг хийх аж.
Энэ тухай аймгийн
Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, аймгийн хэмжээнд жил бүр бүтээн байгуулалт, салбар салбарын хөрөнгө оруулалт
жил бүр хийгдэж байгаа. Тиймээс энэ жил орон нутгийнхаа ирээдүй болсон
хүүхэд рүү чиглэж, анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн. Аймгийн нийт хүн амын 30
гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Эдгээр хүүхдүүд хамгийн гол нь эрүүл иргэн болж
өсөж хөгжин, аюулгүй орчинд сурч боловсрох ёстой. Тиймээс дэмжих жилийн хүрээнд
хүүхдийн боловсрол, соёл спорт, эрүүл мэндийн гээд бүх чиглэлээр ажлууд
хийгдэнэ. Үүн дундаа хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч байгаа. Аймгийн ИТХ-ын
ээлжит хурлаар төсвийн тодотгол хийж, түрүү жилийн давсан орлогоос уг нэмэлт
санхүүжилтийг төсөвлөсөн гэв.