АРХАНГАЙ: "Оюутан цэрэг" хөтөлбөрт 11 оюутан хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-11 09:45:40

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан "Оюутан цэрэг" хөтөлбөрийн дагуу Архангай аймагт оюутан цэргийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээл эхэллээ. Энэхүү бэлтгэлийг аймгийн Цэргийн штаб зохион байгуулах бөгөөд танхимаар Багшийн сургууль, “Архангай” болон “Булган” МСҮТ-ийн 11 оюутан бэлтгэл, сургалтад хамрагдаж байна.


Ирэх 6 дугаар сарын 5-наас цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хааж, үргэлжлүүлэх юм.


Батлан хамгаалахын яамнаас энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 19 аймаг, есөн дүүргийн 1500 оюутныг хамруулах төлөвлөгөө гаргасан ба Архангай аймаг 10 оюутны квоттой байна.

 

Архангай аймагт "Оюутан цэрэг" хөтөлбөр анх 2018 онд 16 оюутныг хамруулж эхэлж байсан ба 2018, 2019 онд нийт 25 оюутныг хамруулжээ. Түүнээс хойш КОВИД-19 цар тахлын улмаас завсарлаж байгаад энэ жилээс хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа ажээ.

関連ニュース