ТӨВ: Соёл, урлагийн байгууллагууд өнгөрсөн сард 75354 иргэнд үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн Соёл урлагийн газраас энэ оны гуравдугаар сард хийсэн онцлох
ажлуудаа иргэд, олон нийтэд танилцуулав. Энэ хүрээнд соёл, урлагийн 30
байгууллага 3 дугаар сард 75354 иргэнд хүрч үйлчилсэн байна.
Тодруулбал, Монгол туургатан театраар 8300 иргэн, нийтийн номын сангаар
4469 иргэн, музейгээр 375 иргэн, үүнээс 221 том хүн, 54 хүүхэд, соёлын төв,
номын сангаар нийт 62210 иргэн үйлчлүүлжээ. Тус газраас гуравдугаар сарын онцлох
ажлаар Монгол Арт галерейн “Нүүдлийн үзэсгэлэн”, “Музейн нээлттэй өдрүүд”-ийг хэлж
байв.
Нүүдлийн үзэсгэлэнд Төв аймгийн 6 уран бүтээлчийн 30 гаруй бүтээлийн дээжис дэлгэжээ. Энэ үеэр “Музейн уран зургийн боловсрол” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 12 дугаар ангийн уран зураг сонирхогч сурагчдын дунд зохион байгууллаа.
Харин “Музейн нээлттэй өдрүүд”-ээр Угтаалцайдам сумын харьяат, ахмад сурган хүмүүжүүлэгч Л.Бавуугийн “Оньсон бүтээл”-ийн үзэсгэлэнг 3 дугаар сарын 4-нөөс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж үзэгчдийн хүртээл болгосон.
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Авьяас бидний бахархал” иргэдийн урлагийн их нааддмыг зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд 25 сумын 220 гаруй иргэн оролцож, 6 төрлөөр 18 байрыг шалгаруулсан.
“Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдааныг ЕБС-иудын сурагчдын дунд 3 үе шаттайгаар 8-12 дугаар ангийн 31 сурагчийг хамруулан зохион байгуулсан нь сурагчдын авьяасыг нээн илрүүлэх, ном, яруу найрагт шимтэн дуртай болоход нь дэмжлэг болов.
“Соёлын төв-Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг Соёл, урлагийн газраас Монгол Улсын Соёлын яам, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран 27 сумын Соёлын төвийн 140 гаруй ажилтан, албан хаагчид болон 18 сумын засаг дарга нарыг хамруулан зохион байгууллаа.