АРХАНГАЙ: Аймаг төсвийн орлогын төлөвлөгөөг 113.2 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-21 09:54:31

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны эхний улиралд аймгийн төсөвт 7794.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 8244.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 105.8 хувиар  биелүүлсэн байна.


Улсын төсвийн  шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 3417.5 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 3868.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 113.2 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Цэнхэр, Эрдэнэбулган сумаас бусад сумд 111.2 хувиас 2.4  дахин ихээр  давуулан биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн орлогын 53.1 хувийг тусламжийн орлогоор, 29.8 хувийг орлогын албан татвараар, 4.4 хувийг хөрөнгийн албан татвараар, 2.9 хувийг бусад албан татвараар, 5.5 хувийг татварын бус орлогоор, 4.1 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 0.2 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогыг 0.4 хувиас 32.7 дахин ихээр давуулан биелүүлжээ.


Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 311.8 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 498.2 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 5.7 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 1.1 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.2 сая төгрөг, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар 0.7 сая төгрөг бүгд 817.7 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 16.9 хувиар давуулан биелүүллээ.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 6199.5 сая төгрөг байгаагийн 40.2 хувийг цалин хөлсөнд, 5.1 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 54.7 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.

Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 66.8 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 28.9 хувийг боловсролын салбарт, 4.3 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна

関連ニュース