Томас Бах-аас гэрчийн мэдүүлэг авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-09 09:23:50

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Рио-де-Жанейрод болсон Олимпын тоглолтын уралдаан тэмцээний тасалбаруудыг хууль бусаар зарж борлуулсан гэх хэргийг шалгах явцад Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах-ыг Бразилын цагдаа нар гэрчээр дуудаж мэдүүлэг авах гэж байна. Энэ тухай Рио-де-Жанейрогийн цагдаагийн газрын дарга Роналдо Оливейра мэдэгдлээ.

“Хэрэгт холбоотой хүмүүсийн бие биендээ илгээж байсан цахим захидлуудад Бахын нэр дурдагдсан учраас мөрдөн шалгалтын явцад үүссэн зарим нэг эргэлзээтэй зүйлүүдийг бид тодруулах бодолтой байна” гэж Оливейра ярьжээ.

Өчигдөр болсон Паралимпийн тоглолтын нээлтэд Томас Бах оролцоогүй бөгөөд тэрбээр уралдаан тэмцээнүүдийг үзэхгүй бололтой.

Тасалбартай холбоотой хэргийг шалгах явцад Европын Олимпын хорооны Ерөнхийлөгч асан Патрик Хикки-г 8 дугаар сарын 17-нд Бразилын нийслэлд ирэхэд нь баривчилжээ. Түүнийг Олимпын уралдаан тэмцээнүүдийг тасалбарыг дамлан борлуулсан гэх үндэслэлээр саатуулж, улмаар “Бангу” гэдэг чанга дэглэмтэй шоронд хорьсон байна. 

Үүний дараа 21-ний өдөр Ирландын Үндэсний Олимпын хорооны гишүүдийн байрлаж байсан зочид буудлын өрөөнүүдэд олон тооны борлогдоогүй тасалбарууд байсныг Бразилын цагдаа нар илрүүлжээ.

Х.Сарнай    

関連ニュース