СЭЛЭНГЭ: Өндөр үр дүнтэй, орчин үеийн эмчилгээний аргыг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-16 13:29:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хамт олон амьсгал хямралын хам шинжтэй, дутуу төрсөн дахин нэг нярайн амь насыг цаг алдалгүй аварсан байна.

 

Тус тасгийн хамт олон 2016 оноос эхлэн сурфактант эмчилгээг орон нутагтаа шинээр нэвтрүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар амьсгал хямралын хам шинжтэй, дутуу төрсөн нийт 21 нярайд тус эмчилгээг хийж, амь насыг нь авраад байгаа аж.

 

Дутуу төрсөн нярайн хамгийн эрт үеийн хүндрэл буюу төрсний дараа шууд үүсдэг эмгэгийн нэг нь энэхүү амьсгал хямралын хам шинж илрэх тохиолдол аж.

 

Сурфактант эмчилгээ нь амьсгал хямралын хам шинжтэй, 35 долоо хоногтойгоос доош тээлтийн хугацаанд төрсөн нярайн амьдралын эхний цагуудад хийхэд эмчилгээний үр дүн нэмэгдэж, бага жинтэй нярайн амьдрах чадварыг нэмэгдүүлэх өндөр үр дүнтэй орчин үеийн эмчилгээний арга юм.

 

Энэхүү эмчилгээ нь дутуу нярайн олон хүндрэлүүдийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг тусламж үйлчилгээ аж. Тиймээс ч өндөр ур чадвартай, багийн ажиллагааг шаарддагаараа онцлогтой эмчилгээ юм байна.

 

Оны эхний 5 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 564 эх амаржиж, 568 хүүхэд шинээр төржээ.

 

関連ニュース