БАЯН-ӨЛГИЙ: Швейцарын TASIS сургуулийн сурагчид хүүхдүүдэд англи хэлний хичээл заав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-21 10:33:55

Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын TASIS (The American School in Switzerland) олон улсын сургуулийн сурагчид энэ сарын 8-19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд англи хэлний болон гар зургийн хичээл заав.


Нийтдээ 5 сурагч, 2 багшийн бүрэлдэхүүнтэй сайн дурынхан Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төслийн ажилтан, багш Х.Нургүлийн урилгаар тус аймагт ирсэн аж.


TASIS сургуулийн сурагчид дугуйлангаа аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны Хөгжлийн төвд зохион байгуулсан ба тус төвд бүртгэлтэй хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөллөөс 30 орчим хүүхдийг хамрууллаа. Англи хэлний сургалтыг суурьгүй анхан шат, суурьтай анхан шат гэсэн 2 бүлгээр явуулав.


"Миний бие 2013 онд TASIS сургуульд 2 сар ажилласан. Тухайн үед сургуулийн багш нартай танилцаж хамтран ажиллах санал тавьсан юм. 2014 онд тус сургуулийн багш нар манай аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байлаа. 2016 оноос тус сургуулийн сурагчид сайн дурын ажлын хөтөлбөрийн хүрээнд жил бүр манай аймагт ирж Багшийн сургуульд англи хэлний танхим байгуулах, сургуулийн эргэн тойронд зам тавихад дэмжлэг үзүүлэх, үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд ундны усны худаг гаргаж өгөх зэрэг ажлуудыг хийж байлаа. Харамсалтай нь цар тахлаас болж сүүлийн хэдэн жил ирж чадаагүй бөгөөд энэ жилээс сайн дурын ажлаа дахин эхлүүлж байна" хэмээн Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төслийн ажилтан, багш Х.Нургүл хэллээ.


TASIS сургуулийн сурагчдын ажилд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх сурагчдын сайн дурын баг маш ихээр тусалсан гэдгийг тэрбээр онцлов.


Швейцарын олон улсын сургуулийн сурагчид ирэх онд дахин ирэх бодолтой байгаа ба тэдэнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сайн дурынхны батламж гардуулж, талархал илэрхийллээ. 



関連ニュース