ЗАВХАН: Жилд хоёр удаа баталгаажуулдаг учир шатахууныг дутуу шахах ёсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-21 16:00:56

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн шатахуун түгээх станцуудын 193 хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ.


Завхан аймгийн хэмжээнд 20 аж ахуйн нэгжийн 56 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 сумын шатахуун түгээх станцуудын 193 хэмжих хэрэгслийг улсын ээлжит баталгаажуулалтад хамруулаад байна.

Стандарт хэмжил зүйн хэлтсээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг. Тодруулбал тухайн түгээгүүр шатахууныг бүрэн гүйцэд шахаж буйг шалган тогтоож, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн түгээгүүрийн хошуу тус бүрд лац тавьдаг. Стандарт хэмжил зүйн газраас шалгаж олгосон гэрчилгээ болон лац нь тухайн түгээгүүрийн баталгаажилт болдог.



Стандарт, хэмжил зүйн газраас шалгаж олгосон энэхүү гэрчилгээ болон улсын шалгагчийн тавьсан лац нь тухайн түгээгүүрийн баталгаажилт болно. Тиймээс шатахуун түгээх станц нь тухайн олгосон гэрчилгээг олон нийт, хэрэглэгчдэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. 


Өөрөөр хэлбэл хавар хийсэн баталгаажуулалтын гэрчилгээ нь намар хүртэл хүчин төгөлдөр үйлчилдэг. Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг нь заавал анзаарч, шалгаж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв Стандарт, хэмжил зүйн газрын олгосон гэрчилгээ, улсын шалгагчийн тавьсан лацыг хөндсөн нь тогтоогдвол Стандарт, хэмжил зүйн газарт хандан шалгуулж, хариуцлага тооцуулах боломжтой юм гэж Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.


Ташрамд, шатахуун түгээх станциудын бензины шахалт үнэн зөв эсэхэд олон нийтийн эргэлзээ их байдаг. Шатахуун шингэн зүйл учраас цаг агаарын хэмээс хамаарч эзэлхүүн нь нэмэгдэж, буудаг бүтээгдэхүүн аж.

Өөрөөр хэлбэл, хүйтрэх тусам эзэлхүүн нь багасч, дулаарах тусам эзэлхүүн нь нэмэгддэг байна. Тиймээс энэ хэлбэлзлийг зөв горимд оруулах үүднээс өвөл, хаврын улиралд хоёр удаа баталгаажуулалт хийдэг.


Шалгалт баталгаажуулалтын ажил нь шатахуун түгээх станцын хошуу бүрийн шахалт, электрон самбарыг үзэх, тэг тохиргоо хийх. Шатахууны эзэлхүүнийг эталон хэмжих хэрэгслээр шалгах гээд нэг шатахуун түгээгүүр дээр багадаа хоёр цаг гаруй шалгаж, баталгаажуулалтыг хийдэг. Жилд хоёр удаа баталгаажуулдаг учир шатахууныг дутуу шахах ёсгүй гэж баталгаажуулалтын улсын байцаагч ярилаа.

 

関連ニュース