ДЭЗЧУ: Дэлхийн хүйсийн тэгш бус байдлыг арилгахад 131 жил шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-22 15:55:11

ЛОНДОН. /CNN/. Дэлхий дээр хүйсийн тэгш бус байдлыг арилгах ахиц дэвшил өнөөгийн хурдацтайгаар үргэлжилбэл энэ ялгааг 2154 он гэхэд, өөрөөр хэлбэл 131 жилийн дараа л арилгах боломжтой гэж Дэлхийн засгийн чуулга уулзалтын /ДЭЗЧУ/ шинэ тайланд дурджээ. 


“Дэлхийн хүйсийн ялгаа 2023” нэртэй уг тайланд 146 орны хүйсийн тэнцвэртэй байдлыг "эдийн засгийн оролцоо ба боломж", "боловсролын салбарын ололт амжилт", "эрүүл мэнд ба эсэн мэнд үлдэх", "улс төрийн эрх мэдэл" гэсэн үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. 


Энэхүү тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд хүйсийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэх хурд янз бүрийн хямралын улмаас мэдэгдэхүйц удааширсан байна.


Хүйсийн тэгш бус ялгаатай байдал энэ онд өмнөх оныхоос 0.3 хувиар багасжээ. Боловсролын салбарт хүйсийн эрх тэгш байдлыг хангахад гарсан ололт амжилт нь ахиц дэвшлийн гол үзүүлэлт болсон байна. ДЭЗЧУ-аас 2006 онд уг тайланг нийтэлж эхэлснээс хойш хүйсийн эрх тэгш байдлыг хангахад гарсан ахиц дэвшил дөнгөж 4.1 хувиар өсжээ.


Дэлхий дээр хүйсийн тэгш бус байдлыг арилгах ахиц дэвшил өнөөгийн хурдацтай үргэлжилбэл энэ ялгааг 2154 он гэхэд, өөрөөр хэлбэл 131 жилийн дараа л арилгах боломжтой гэдгийг тогтоожээ. 


Үүнээс гадна, эдийн засгийн салбарт тэгш бус байдлыг арилгахад 169 жил, улс төрийн боломж дахь ялгааг арилгахад 162 жил шаардагдаж магадгүй байна. 


Хүйсийн тэгш бус байдлыг дэлхийн нэг ч улсад 100 хувь арилгаагүй байна. 91.2 хувийн үзүүлэлтээр Исланд улс нэгдүгээр бичигдэж, хүйсийн эрх тэгш байдлаар 14 жил дараалан тэргүүлжээ. 


Энэ үзүүлэлт Норвегид 87.9 хувь, Финландад 86.3 хувь, Шинэ Зеландад 85.6 хувь, Шведэд 81.5 хувьтай байна. Германд хүйсийн тэнцвэртэй байдал 81.5 хувь, Никарагуад 81.1 хувь, Намиби 80.2 хувь, Литва 80 хувь, Бельгид 79.6 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд Бельги улс анх удаа хүйсийн тэнцвэртэй байдал хамгийн өндөр түвшинд байгаа эхний 10 орны тоонд багтжээ.


Энэ үзүүлэлт Афганистанд хамгийн бага буюу 40 хувьтай байгаа бол Чад, Алжир, Иран, Пакистан улсууд 57 хувийн үзүүлэлтээр тус улсын өмнө бичигдсэн байна. 


関連ニュース