БАЯН-ӨЛГИЙ: Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-25 08:58:23

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Тус аймгийн хэмжээнд энэ сарын эхэнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн түвшнээс давж үерлэсэн.


Үүнээс үүдэн Бугат суманд Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Булган боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган голын модон гүүрний зорчих хэсэг цөмөрч, суулт үүссэн аж. Мөн Алтай сумын Хар бут голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон. Аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг болох Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хоолойн модон гүүрний зорчих хэсэг цөмөрч усанд урссан зэрэг нийт 8 гүүр эвдэрч сүйдсэн байгаа.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан орон нутагт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Мөн эвдэрч гэмтсэн гүүрнүүдийг яаралтай сэргээн засварлах, шаардлагатай гүүрнүүдийг шинээр барихад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

関連ニュース